CRI Монгол радио

Испанид болсон цасан шуурганы дараа -25 градус хүртэл хүйтэрч, долоон хүн амиа алджээ

Нийтэлсэн

Испанид их хэмжээний цас орж, цасаар шуурчээ. Даваа гарагийн шөнө Мадридаас зүүн тийш оршдог дүүргүүдэд агаарын температурын түвшин -25 градус хүртэл унаж, цочир хүйтэрсэн байна. Энэ нь Пиренейн хойгт тохиолдсон хамгийн хүйтэн шөнө аж. Харин нийслэл Мадрид хотноо шөнөдөө -16 градус хүрч хүйтэрсэн байна.

Хүйтний улмаас долоон хүн амиа алдсан бөгөөд тэдний хоёр нь Барселоны орон гэргүй хүмүүс байсан аж. Эрх баригчид өндөр настнуудыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Цасаар шуурсны улмаас зам харгуй хаагдаж, мөсөөр хучигдсанаас тээврийн хэрэгсэл болон явган хүн зорчиход аюултай нөхцөл байдал үүссэн байна. Коронавирусийн цар тахлын улмаас цаг наргүй ажиллаж байгаа эмнэлгүүдэд халтирч унаад гэмтэж бэртсэн өвчтөнүүд ирэх болж, ачааллыг улам нэмэгдүүлсэн байна. Эмч нарын мэдээлснээр цаг тутамд дунджаар гэмтэж бэртсэн 50 өвчтөн ирж байгаа аж.

Цасан шуурга шуурснаас зарим газар цахилгаангүй болжээ. Мөн нислэгүүдийг зогсоосон байна.

Exit mobile version