Улс төр

Г.Занданшатар: Хамгийн олон буюу 32 жил ажилласан шүүгч нэмэгдэлтэйгээ 5.2 сая төгрөгийн цалин авч байна

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр хуулийн төсөлд шүүгч нарын цалин болон нэмэгдлийн талаар хэрхэн тусгасан болохыг гишүүд тодрууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Шүүгчдийн цалинтай холбоотой онцгой нөхцөлийн, зэрэг дэв, ажилласан жилийн нэмэгдлүүд орж ирсэн. Ажлын хэсэг зэрэг дэвийн нэмэгдлийг хассан. Учир нь шүүгч нарыг ялгаварлах нөхцөл болно гэж үзсэн. Үлдсэн нэмэгдлүүдийг олгох, онцгой нөхцлийн нэмэгдлийг 25 байсныг 40 хувь болгох заалтыг байнгын хороо өчигдөр дэмжсэн. Нийгэмд шүүгчдийн цалинтай холбоотой ташаа ойлголт байгаа тул цалингийн нэмэгдлүүдийг хэлэлцсэн. Одоогийн байдлаар анхан шатны  2.2 сая, давах шатных 3 сая орчим, дээд болон хяналтын шатны шүүгч нарын цалин 4 сая орчим төгрөгийн цалин авдаг юм билээ. Ийм байхад хэт өндөр 7-8 сая төгрөгийн цалинтэй гэсэн ойлголт байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хорооны хуралдааны үеэр хамгийн олон жил буюу 32 жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин 4.2 сая, нэмэгдэлтэйгээ 5.2 сая төгрөгийн цалин авч байна гэсэн мэдээллийг өгсөн болохыг хэллээ.

Exit mobile version