Дэлхий

Трамп Пелоситой гар барихаас татгалзаж, Пелоси Трампын хэлсэн үгийн хуулбарыг урж тасдав

Нийтэлсэн

АНУ-ын ерөнхийлөгч нар шинэ оны эхэнд конгрессийн хоёр танхимд хандаж, улс орныхоо өнөөгийн байдлын талаар илтгэл тавьдаг уламжлалтай.

Мягмар гарагийн орой ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү үүргийг гүйцэтгэсэн юм. Илтгэлийн үеэр хамгийн их анхаарал татсан зүйл нь Трамп болон Пелоси нарын зөрчил байв. Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси бол Ардчилсан Намаас АНУ-ын төрд ажиллаж байгаа хамгийн өндөр албан тушаалтан юм.

Тэрээр Дональд Трампын гэм буруутай үйлдлийг шүүх импичментийн ажиллагааг санаачлан эхлүүлсэн хүн. Өнөөдөр сенатын танхим Трампыг гэм буруутайд тооцох эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулж, уг асуудлыг нэг мөр шийдэх юм.

Ардчилсан Намынхан Трампыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, конгрессийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр буруутгаж байгаа. Гэхдээ өнөөдөр Бүгд Найрамдахчуудын олонх болдог сенатын танхим Трампыг цагаатгаж, импичментийн ажиллагааг хаах нь бараг тодорхой болоод байна.

АНУ-ын хоёр гол улс төрийн намын хооронд үргэлжилж буй энэхүү зөрчил өчигдрийн илтгэлийн үеэр ил тод харагдсан юм.

80 минут үргэлжилсэн илтгэлийнхээ хуулбарыг Дональд Трамп гардуулж өгөхдөө Пелосигийн сунгасан гарыг барилгүй өнгөрсөн байна.

Харин илтгэлийн төгсгөлд Пелоси түүний өгсөн хуулбарыг урж тасдаж байгаа нь хэвлэлийн дуранд өртжээ.


Танхим мөн хоёр хуваагдаад байв. Бүгд Найрамдах намын гишүүд Трампын илтгэлийн төгсгөлд босож зогсоод алга ташиж, “дахин дөрвөн жил!” гэсэн үгсийг уухайлж байлаа.

Харин Ардчилсан Намынхан энэ үед чимээгүй суудалдаа сууж байсан юм.

Спикер Пелоси ерөнхийлөгчийг илтгэл тавихыг урихдаа уламжлал болсон “high privilege and distinct honour” гэх хүндэтгэлийн үгийг хэлэлгүй зүгээр л “Members of Congress, the President of the United States” гэж зарлажээ.

Илтгэлийн дараа сэтгүүлчид түүнээс яагаад Трампын хэлсэн үгийн хуулбарыг урсныг асуухад “Тухайн нөхцөл байдалд хийж болох хамгийн эелдэг үйлдэл энэ байлаа” гэж хариулсан юм.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version