Улс төр

Байнгын хороо Музейн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Нийтэлсэн

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам танилцуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар ажилласан бөгөөд хоёр удаа хуралдсан байна.

УИХ-ын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, иргэд байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн судалж саналын томьёоллуудыг боловсруулсан гэв. Үүнд, Засгийн газар нь төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэл тогтоох, үндэсний музей нь төрөл, үйл ажиллагааны чиглэлээр бусад музейг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах заалтыг шинээр нэмж тусгасан байна.

Түүнчлэн аймаг, нийслэл, сумын музей орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг судлах, сурталчлах чиг үүрэгтэй байхаар, музейн үүсгэн байгуулагч музейн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжүүлэх үүрэгтэй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох томьёоллыг боловсруулжээ. Музей нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс хандив, тусламж авч болох, музейн санхүүжилт, хандив, тусламжийн эх үүсвэр хуульд нийцсэн, ил тод байх зэрэг заалтыг шинээр нэмж тусгасан гэв.

Түүнчлэн төслийн зарим зүйл, заалтыг тодорхой болгож, музей нь соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, соёл, эрдэм шинжилгээний байгууллага байхаар саналын томьёоллыг боловсуулсан байна. Музейн дүрэмд заасан бол үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болох бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм болон музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын соёлын асуудал эрхэлсэн гишүүн тус тус батлахаар тусгасан байна.

Ийнхүү Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Exit mobile version