CRI Монгол радио

Трамп гэм буруугаа хоёр удаа шүүлгэсэн түүхэн дэх анхны Ерөнхийлөгч боллоо

Нийтэлсэн

-Төлөөлөгчдийн танхим Трампыг буруутай гэж үзлээ-

Дональд Трамп АНУ-ын түүхэнд гэм буруугаа хоёр удаа шүүлгэсэн анхны Ерөнхийлөгч боллоо.

Конгресс дахь Төлөөлөгчдийн танхим Трампыг Капитолд болсон үймээнийг өдөөн турхирсан хэрэгт буруутай гэж үзжээ. Энэхүү шийдвэрийг Сенатын гишүүд баталгаажуулах бөгөөд шинэ Ерөнхийлөгчийг тангараг өргөсний дараа хэлэлцэхээр болсон байна.

Конгресс дахь Ардчилсан намын гишүүд Трампын гэм бурууг маш хурдан шүүн хэлэлцэнэ хэмээн амласнаа лхагва гарагийн орой биелүүлжээ. Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси гарын үсэг зурснаар импичмент хүчин төгөлдөр болсон байна. Харин одоо Сенат батлах үлдээд байгаа юм. /Импичмент гэдэг нь АНУ-ын хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалын албан тушаалтны гэм бурууг шүүн хэлэлцэж, суудлаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авах үйл явц юм/

Конгрессийн ордныг Үндэсний гвардийн 15 мянган зэвсэгтэй цэрэг хамгаалалтад авчээ. Конгрессийн ордон яг л цэргийн хуаран шиг харагдаж байна хэмээн зарим сэтгүүлч бичсэн байна.

Конгресс дахь Ардчилсан намын гишүүн Жим Макковерн “Саяхан гэмт хэргийн газар болоод байсан энэ танхимд бид түүхэн хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна” хэмээн хэлэхдээ Капитолд болсон эмх замбараагүй явдалд Дональд Трамп өөрийн дэмжигчдийг өдөөн турхирсан тухай дурджээ.

Санал хураалт явуулахад Трампын эсрэг өөрийнх нь намын 10 гишүүн саналаа өгсөн байна. Бүгд найрамдахчуудын хувьд энэ нь гэнэтийн явдал болжээ. Учир нь өглөө нь нам дотроо зургаан төлөөлөгч л түүний эсрэг санал өгөх талаар хэлэлцэж байсан гэнэ.

Дональд Трамп энэ үеэр Цагаан ордны Твиттер хаягаар дамжуулан Капитолд болсон халдлагын талаар өмнөхөөсөө илүү хатуу өнгө аястай видео мэдэгдэл хийсэн байна.

Трамп “Манай улсад хүчирхийлэл, балмад явдалд ямар ч орон зай байхгүй” гэж мэдэгджээ. “Та зүүний эсвэл барууны үзэлтэй байна уу, Ардчилсан намынх уу, Бүгд найрамдах намынх байна уу хүчирхийлэлд ямар ч зөвтгөл байх ёсгүй. Ямар ч. Америк хуультай улс. Өнгөрсөн долоо хоногт халдлага үйлдсэн этгээдүүд хариуцлагаа хүлээнэ” гэж хэлэхдээ импичментийн талаар нэг ч үг дуугараагүй байна.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version