Улс төр
Ц.Бүжидмаа: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоог дэмжих бодлого харьцангуй дэвшилттэй байна
Бид хэлэлцүүлгийн талаар зохион байгуулагч Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан-ЛЭОС үндэсний сүлжээний тэргүүн Ц.Бүжидмаагаас тодрууллаа.
Орон нутгийн сонгуулийн үр дүнд зарим томилгоо үргэлжилж байгаа энэ үед шийдвэр гаргах түвшин дэх жендерийн оролцоог хөндсөн онлайн арга хэмжээ боллоо.
“Тэгш байдлын төлөөх хамтын санаачилга” сэдэвт онлайн хэлэлцүүлэг өнгөрсөн мягмар гаригт болсон юм.
130 орчим хүн оролцсон тус хэлэлцүүлэг нь жендрийн тэгш эрхийг шийдвэр гаргах түвшинд хангах талаар холбогдох хуулиудыг орон нутгийн удирдлагуудад танилцуулж, оролцогчдын санал бодлыг сонссон юм. Орон нутгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг Дарга, холбогдох хэлтэс албаны дарга нар, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн Ерөнхий Хороо, улс төрийн намууд болон Иргэний Нийгмийн байгууллагуудын төлөөлөл гээд өргөн хүрээний оролцогчдыг хамруулсан байлаа.
Бид хэлэлцүүлгийн талаар зохион байгуулагч Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан-ЛЭОС үндэсний сүлжээний тэргүүн Ц.Бүжидмаагаас тодрууллаа.
-Хэлэлцүүлгийн зорилго юу байсан бэ. Яагаад тус хэлэлцүүлгийг зохион байгуулах болов?
-Монгол Улсын Засгийн газар “Эмэгтэйчүүдийг Алагчилах Бүх Хэлбэрийг Устгах Тухай” НҮБ-ын Конвенцийн (CEDAW) хэрэгжилтийн талаар 10 дахь удаагийн ээлжит илтгэлээ өнгөрсөн жил НҮБ-д хүргүүлсэн. Альтернатив илтгэлийг хэд хэдэн ТББ-ууд хамтран боловсруулж, НҮБ-д хүргэж, Засгийн газарт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зөвлөмжийг санал болгосон.
Энэ зөвлөмжийн дагуу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийн асуудлаар цахим хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт СЕХ-оос орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн түвшинд, ТАЗ-өөс Төрийн албан дахь өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Мөн улс төрийн намууд бодлого хөтөлбөртөө жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилтыг хэрхэн тусгаж ажиллаж байгаа талаараа мэдээлэл хийж, цаашид ахиц дэвшил гаргах хамтын ажиллагааны санал санаачилгуудыг хэлэлцсэн.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцох боломжийг дэмжих бодлого Монгол Улсад харьцангуй дэвшилттэй байгаа харагддаг. Энэ хэлэлцүүлэгтэй холбоод асуухад жишээ нь, орон нутгийн удирдлагууд томилгоо хийхдээ эмэгтэйчүүдийг дэмжих хүсэл эрмэлзэл хэр байдаг юм бол?
Уг уулзалтад орон нутгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар маш идэвхитэй оролцсон. Зарим аймгууд ИТХ-ын дарга, Засаг дарга нар нь нийгмийн бодлогын хэлтсийн дарга, жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн, бусад холбогдох мэргэжилтнүүдтэйгээ хамт цахим хурлын танхимаасаа ач холбогдол өгч оролцсон аймгууд ч байна. Тухайлбал Булган, Архангай, Замын-Үүд сум гэх мэт. Жендерийн асуудлаар эрэгтэй эмэгтэйчүүд бараг шахуу тэнцүү тоотой оролцсон нь бас нэг талархууштай хэрэг байлаа. Өмнө нь жендерийн асуудал гэхээр л эмэгтэйчүүд л оролцдог тал харагддаг байсан. Тэгэхээр энэ байдлаас үзэхэд бас ахиц дэвшил гарч байна гэж үзэж болох талтай. Цаашдаа нэмэгдэх байх гэж найдаж байна.
Ер нь бол нэгэнт хуульд заасан квот байгаа, тэгээд ч аль болох мэдлэг, ур чадвартай хүнийг томилох нь эргээд тухайн Засаг дарга нарын ажлын үр дүнд л нөлөөлөх учраас цаашдаа энэ хүсэл эрмэлзэл улам нэмэгдэнэ гэж найдаж байна.
-Хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэвэл?
-Шинээр томилогдсон орон нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад хуульд заасан квот, жендерийн үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулсанд оролцогчид талархалтай байлаа. Мөн зарим нэг томилгоо явагдаж байгаа энэ цаг үед энэхүү нөлөөллийн арга хэмжээ бага ч гэсэн үр дүнгээ өгөх байх гэж найдаж байна. Нөгөө талаар төр, ИНБ-уудын хамтран ажиллах тал дээр нилээдгүй олон санал санаачилгууд гарч, зөвлөмж гаргахаар болсон нь цахим хэлэлцүүлгийн үр дүн гэж хэлж болно. Ялангуяа шинээр сонгогдсон төлөөлөгчид, мөн эмэгтэй төрийн албан хаагчдыг чадавхижуулах, сургаж, хөгжүүлэх, “Жендерийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ач хоблогдол өгч, энэ тал дээр илүү санал санаачилгатай ажиллах болно гэдгээ оролцогчид илэрхийлж байсан юм.
-Мэдээлэл өгч, цаг гаргасанд баярлалаа.