Нийгэм
Жүдогийн шигшээ багийн тамирчид тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ
Нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулсан Жoдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо иржээ.
Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан байна. Энэ сарын 8-ны өдөр ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар нар тамирчидтайгаа Дохаг зорьсон юм.
Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмбэлэгддэг шилдэг жүдочид оролцсон тус тэмцээнд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 182 нийт 397 жүдоч өрсөлдсөн. Үүнд манай улс эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин, 3 дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
Ингээд Эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн шагналт 5 дугаар байр, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ё.Басхүү 7 дугаар байр, эрэгтэйчүүдийн -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана 7 дугаар байрт тус тус шалгарч 69 орноос амжилтаараа 13 дугаар байрт шалгарсан болохыг Жүдо бөхийн холбооноос мэдээлсэн.