Дэлхий

“Тусламж хэрэгтэй юу?” хэмээн нууцаар асууж, хүчирхийлэлд өртсөн хүүг аварчээ

Нийтэлсэн

АНУ-ын Орландо хотод ажилладаг нэгэн зөөгч хүчирхийлэлд өртсөн хүүг аварчээ. Флавен Карвалио Mrs. Potato ресторанд зөөгчөөр ажилладаг бөгөөд шинэ жилийн өдөр нэгэн гэр бүл орж ирээд хоол захиалахдаа 11 настай хүүд юу ч авч өгөөгүйг анзаарчээ.

Карвалио “хоолонд ямар нэг учир байна уу?” гэж асуухад хойд эцэг нь хүүг гэртээ хариад хоолоо идчихнэ гэж хариулсан байна. Карвалио хүүгийн нүүр, гар нь хөхөрсөн байхыг анзаарсан байна. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Хүү хоёр хөмсөгнийхөө хооронд том шархтай байсан. Дараа нь нүднийх нь хажууд хөхөрсөн байсныг нь би олж харсан. Тэгээд л байдал нэг биш байна гэдгийг ойлгосон юм” гэжээ.

Хүүд туслахгүйгээр явуулж болохгүй гэж бодоод цаасан дээр “Чамд тусламж хэрэгтэй юу?” гэж бичин эцэг эхийнх нь ард зогсоод хүү рүү харуулахад хариуд нь толгой дохисон байна. Ингээд зөөгч бүсгүй цагдаад мэдэгджээ.

911 рүү залгаад Карвалио “Миний санаа зовоод байна. Та надад зөвлөгөө өгөхгүй юу. Нүүр нь хөхөрчихсөн нэг хүү гэрийнхэнтэйгээ орж ирсэн. Гэхдээ юу ч идээгүй.” хэмээн ярьжээ.

Албаны хүмүүс ирээд хүүтэй ярилцахад түүнийг хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртдөг байсныг тогтоосон байна. Түүнийг хүлж, хаалганаас дүүжилж, шүүрээр зодож, гарыг нь гавладаг байсан хэмээн хүү ярьжээ. Мөн шийтгүүлсэн болохоор хоол идээгүй гэж хэлсэн байна.

Хүүд эмч нар үзлэг хийж, нүүр гар нь хөхөрсөн байсныг мэдсэн талаар хэвлэлийн хурлын үеэр цагдаагийн алба хаагч хэлжээ. Мөн биеийн жин нь байх ёстой хэвийн хэмжээнээс 9кг-аар бага байсан аж.
PEOPLE-ийн мэдээлснээр хүүгийн хойд эцгийг хүүхдийн хүчирхийлэл, хүүхдээ үл хайхарсан хэрэгт гурван зүйл ангиар буруутгаж баривчилсан байна. Харин хүүгийн ээж хүчирхийллийн талаар мэдсээр байж түүнд эмнэлгийн тусламж аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнийг хүүхдээ үл хайхарсан хэргээр хоёр зүйл ангид мөн буруутгасан байна.

11 настай хүүг дөрвөн настай дүүгийнх нь хамт Флорида мужийн Хүүхэд гэр бүлийн газрын хамгаалалтад авчээ.

Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Орландо хотын Цагдаагийн газрын Хохирогчдын тусгай хэлтсийн мөрдөгч Эрин Лоулер Карвалиог хурдан сэтгэж, зоригтой байсныг үнэлсэн байна.

Эрин Лоулер “Энэ хүүг тамлан зовоож байсан” хэмээгээд хэрвээ Карвалио нөхцөл байдлыг харсан ч хэлэлгүй өнгөрөөсөн бол хүү амиа алдах эрсдэлд орох байсныг тэрээр хэлсэн байна.

Эх сурвалж: People

Exit mobile version