Нийгэм

Б.Рэнцэнханд: Бага насны хүүхдэд нэг удаад 250-300 грамм хоол өгнө

Нийтэлсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхэд, өсвөр үеийн ерөнхий зохицуулагч, Хүүхдийн их эмч Б.Рэнцэнхандтай хүүхдийн зөв хооллолтын талаар ярилцлаа.


-Эцэг, эхчүүд хүүхдээ яаж зөв хооллох ёстой вэ?

-Хүүхдийг зургаан сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хооллоно. Зургаан сар хүрмэгц нь нэмэгдэл хоолонд эмчийн зааврын дагуу оруулахын зэрэгцээ эхийн сүүгээр хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хооллоно. Аминдэм, эрдэс бодис хангалттай илчлэг тэжээлэг хооллыг бага насны хүүхдэд 2-3 удаа тусгайлан бэлтгэж шинээр нь өгөх ёстой. Хооллолт зохистой хэмжээтэй байх ёстой. Бага насны хүүхдэд нэг удаа 250-300 грамм хоол өгнө. Эхийн сүүгээр хооллодог бол өдөрт гурван удаа хөхнөөс гарсан бол өдөрт таван удаа хооллоно. Таван удаа хооллохдоо 1-2 хооллолт нь хөнгөн зууш боорцог, талх, ааруул, печень байж болно.

-Коронавирус гарсан энэ үед хүүхдийн дархлааг дэмжих нь чухал шүү дээ?

-Хүүхдийн дархлааг сайн дэмжихийн тулд амьтны гаралтай уураглаг, төмөр,  аминдэмээр баялаг хүүхдийн сонирхол татахуйц олон төрлийн хоолыг шинээр хийж өгөхөөс гадна, насанд нь тохирсон шингэнийг хангалттай уулгаж байгаарай. Бага насны хүүхдэд хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хүйтэн хоол, бэлэн гоймон, газтай ундаа зэргийг аль болох өгч болохгүй.

-Хүүхдийн хооллолтын талаар эцэг, эхчүүд хэзээнээс эмчийн зөвлөгөөг авч эхлэх вэ?

-Жирэмсэн болсон үеэсээ эхэлж ээж болох хүн хүүхдээ яаж хооллох вэ гэдгийг эмчээсээ асууж авах ёстой. Жирэмсэн үедээ буруу хооллосноос эх өөрөө сахартай болох, сүүлийн хордлого хүчтэй илрэх, тээж буй хүүхдийн жин хэтэрхий нэмэгдэх, төрсний дараа харшил өвчтэй болох гэх мэт олон сөрөг нөлөөтэй байдгийг анхаараарай. Хүүхэд зургаан сар хүрээд анхны нэмэгдэл хоолонд орох үед өөрөө мэдэхгүй бол заавал өрхийн эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.

-Хүүхдийг зургаан сар хүрэхээр бор хоолонд оруулахдаа эцэг, эх хэрхэн анхаарах вэ?

-Энэ үед хүүхдийн ходоод бор хоол шингээх чадвар бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг тул анхны нэмэгдэл хоолыг эхний өдөр хөхөө хөхүүлсний дараа 2-3 жижиг халбагыг өгч, дараагийн өдөр 5-6 халбага болгон өдөр өдрөөр нэмэгдүүлж,  аажмаар хүүхдийн идэх хэмжээнд хүртэл өгнө. Тухайн нэг хоолонд дассаны дараа дараагийн шинэ хоолыг дасгаж өгнө. Хоёр шинэ хоол зэрэг өгч эхэлж болохгүй  гэсэн үг. Мөн хүүхдийн хоолыг тухай бүр нь шинээр бэлтгэж өгөхийг анхаарах хэрэгтэй

-Буруу хооллолтоос хүүхдэд ямар өвчин, зовиур илэрдэг вэ?

-Хүүхдийн ходоод гэдэс хямарч суулгах, эсвэл өтгөн хатах, өсөлт хоцролт болон том болоод сахарын шижин өвчтэй болох, таргалалт үүсэх суурь тавигдах, харшлын янз бүрийн өвчнүүд үүсэх, өвчлөмтгий болох гэх мэт эрсдэлтэй. Хоолтой хамт цай, кофе зэргийг хамт өгч болохгүй. Энэ нь төмрийн шимэгдэлтэд муугаар нөлөөлдөг.

-Хүүхдийн өдөр тутмын хооллолт том хүний хооллолтоос хэр ялгаатай вэ. Хүүхдийн сахар, давс, өөх тосны хэвийн хэрэглээ ямар байх нь тохиромжтой вэ?

-Хүүхдэд хоёр наснаас хойш гэрийн хоолноос өгч болно. Хоёроос доош насанд насанд нь тохирсон хэмжээтэй, төлөв байдал нь халбаган дээр тогтохуйц өтгөвтөр, нэр төрөл олон, хэмжээ нь насанд нь тохирсон байх ёстой. Хүүхдийн хоолыг бэлтгэхийн өмнө гараа сайтар савандаж угаах, хоол хийхэд ашигласан сав суулга хэрэгслийг даруй угааж цэвэрлэх хэрэгтэй. Хүүхдийн хоолыг ялаа, шумуул тоос шорооноос хамгаалах гэх мэт эрүүл ахуйн зохистой дадлыг сахиарай. Бага насны хүүхдэд давс, амтлагчийг аль болох хэрэглэхгүй байх нь зохистой. Сахар болон цөцгий, шар тосны хувьд хоолны жоронд орсон хэмжээг хэтрүүлэхгүй хэрэглэх нь зүйтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version