Улс төр

Т.Доржханд: Шаардлагагүй бүтээн байгуулалтыг царцаа, 3.4 сая иргэний асуудлыг шийдэх эх үүсвэрээ гарга

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Т.Доржханд цар тахлын үед ажлын байрыг хамгаалахын тулд Төв банк урт хугацааны зээл гаргавал 200 мянган ажлын байрыг хамгаалж үлдэх боломжтой хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал “Жижиг дунд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө, бизнесийн эх үүсвэр дутагдаж байна. 2-3 дугаар сараас бизнес идэвхжиж эхэлнэ. Иймээс бид ажлын байраа хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр ажлын байрны бодлого ярьдаг улс төрийн хүчин Монголд байхгүй. Дор хаяж 200 мянган ажлын байрыг хамгаалах боломж байгааг манай судлаачдын баг гаргасан. Энэхүү зөвлөмжийг Засгийн газарт хүргэнэ. Бидэнд 3 их наяд төгрөгийн эх үүсвэрийг зарцуулах боломж байна. Өнөөдөр Монголбанканд 7.6 их наяд төгрөг байна. Банкууд мөнгө гаргадаггүй. Мөнгө гаргавал дампуурна гэсэн айдастай байна. Ийм үед Засгийн газар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Төв банкны бодлогын хүү 5 хувьтай байгаа. Үүн дээр Засгийн газраас үнэт цаас гаргах боломжтой. Зээлийн хүүгийн хязгаарыг хүчээр тогтоох биш зах зээлийн зарчмаар банканд байгаа эх үүсвэрийг бизнес рүү шахах ажлыг хийх хэрэгтэй. Үүнийг хийхдээ бондоор арилжина. Эх үүсвэрийг Төв банкны үнэт цаасан дээр байгаа эх үүсвэрээ татаж авна. Жилийн 5 хувийн хүүтэйгээр дор хаяж 3 жилийн хугацаатай зээл олгох хэрэгтэй. Эхний 1 жилд нь зөвхөн хүүгийн төлбөрөө төлдөг үндсэн өрийнхөө төлбөрийг төлдөггүй ийм нөхцөлтэй гаргах хэрэгтэй. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр 200 мянган ажлын байрыг хамгаалах боломжтой. ЖДҮ болон бичил бизнес эрхлэгчид нар зориулж энэ бодлогын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй. УИХ-ын тогтоолыг санаачилж байна” гэв.

Түүнчлэн үүнээс гадна 200-гаас дээш ажилтантай дундаас дээш бизнес эрхлэгч нарын зээлийн эрсдэлийн барьцаа хөрөнгийг төрөөс даах санал зөвлөмжийг хүргэж байна. Зээлийн эрсдэлийн барьцааны санг мөнгөжүүлэх хэрэгтэй. 100, 200 тэрбум төгрөгөөр мөнгөжүүлсэн тохиолдолд дахиад 3 тэрбум төгрөгөөр баталгаа гаргах боломжтой. Ийм байдалд 400 мянган ажлын байрыг хамгаалах боломжтой. УИХ-ын даргад тогтоолын төслийг өргөн барина.

Мөн цар тахлын үеэр гадаадад гацсан Монгол иргэдийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга илгээсэн гэдгээ мэдэгдлээ. “Ийм хүнд цаг үед Монгол хүн үнэ цэнэтэй юу аль эсвэл Монгол хүн үнэ цэнийг мэдрүүлэх, санхүүжүүлэх эх үүсвэрээр нь цемент зуурдаг, сонгуульд зоруилж эх үүсвэрийг шийддэг, үр ашиггүй бүтээн байгуулалтыг санхүүжүүлсээр байх нь зүйтэй юу. 3.4 сая иргэний асуудлыг шийдэх эх үүсвэрээ гарга. Шаардлагагүй бүтээн байгуулалтуудыг царцаа. Бид тэсэж чадна” хэмээн мэдэгдлээ.

Exit mobile version