CRI Монгол радио

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Навальныйг эх орондоо ирэхэд нь нисэх буудлаас баривчиллаа

Нийтэлсэн

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексейг Навальныйг эх орондоо дөнгөж ирээд байхад нь Шереметьевогийн нисэх буудлаас баривчилжээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд тэрбээр Томксоос Москва руу нисэх үед онгоцонд бие нь муудаж, ухаан алдсан юм. Тиймээс нисэх багийнхан Омск хотноо яаралтай газардах шийдвэр гаргасан.

Түүнийг Герман руу эмчлүүлэхээр явуулсан бөгөөд тус улсын эмч нар Навальныйг цэргийн “Новичок” бодисоор хордуулсан гэж мэдэгдэж байлаа.

Ийнхүү Герман улсад таван сар болоод эх орондоо буцаж ирсэн ч цагдаагийнхан түүнийг нисэх буудлын бүртгэлийн хэсэгт саатуулж, харин өмгөөлөгчийг нь оруулаагүй байна. Дараа нь цагдаагийн газраас мэдээлснээр Холбооны Шийтгэлийн албанаас түүнийг баривчилсан гэж мэдэгджээ.

Онгоцонд ортол сэтгүүлч нар бүгд түүнийг бүчиж “Таны гол зорилго юу юм бэ?” гэж асуутал “13 дахь эгнээ рүүгээ /түүний суух ёстой суудал онгоцны 13 дугаар эгнээнд байв/ аль болох бага хохиролтой оччих юм сан” хэмээн хариулжээ.

Шереметьевод дөнгөж газардаад байхад нь түүнээс сэтгүүлч нар ярилцлага авахад “Сүүлийн таван сарын хамгийн сайхан өдөр нь өнөөдөр байна” гээд Оросод ирэх сайхан байгаа тухай, түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэнд айх юм алга хэмээн ярьсан байна. Мөн түүнийг баривчлахгүй байх, бүртгэлийн хэсгээр тайван орж бүртгүүлээд гэртээ харих байх гэж хэлжээ.

Алексей Навальныйг ОХУ-д Холбооны Шийтгэлийн албанаас хорих ял эдлэх журмыг зөрчсөн хэмээн эрэн сурвалжилж байв. Мөн түүний эсрэг залилангийн хэрэг үүсгэсэн гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Навальныйг нэн яаралтай суллахыг шаарджээ. “ОХУ Алексей Навальныйг баривчлах шийдвэрийг АНУ буруушааж байна” хэмээн Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.

Берлиний Бранденбург нисэх буудалд Алексей Навальныйг сэтгүүлчид болон тус хотод амьдардаг оросууд хүлээж байжээ. Тэдний нэг нь “Дарангуйлагчдын эрин үе дуусах гэж байна. Путин Навальныйгаас айж байна” гэсэн лоозон барьсан байв.

“Дарангуйлагчдын эрин үе дуусах гэж байна. Путин Навальныйгаас айж байна”

Удалгүй тэнд цугласан сэтгүүлч нарын ихэнх нь Навальныйтай хамт ОХУ руу нисэх онгоцны тийзтэй байсан нь ойлгомжтой болсон байна. Онгоцонд ортол сэтгүүлч нар бүгд түүнийг бүчиж “Таны гол зорилго юу юм бэ?” гэж асуутал “13 дахь эгнээ рүүгээ /түүний суух ёстой суудал онгоцны 13 дугаар эгнээнд байв/ аль болох бага хохиролтой оччих юм сан” хэмээн хариулжээ.

Навальный Берлинээс Внуково нисэх буудал руу очих байсан ч түүнийг Шереметьевод баривчлав. Внуково нисэх буудалд түүнийг 2000 гаруй хүн угтан авахаар хүлээж байсан аж.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version