Covid-19
Улаанбаатараас Мөрөнд очсон иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ
Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос ирсэн иргэн Б-ийн түргэвчилсэн оношлуурын хариу хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсны улмаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлаад байгаа аж.
Иргэн Б, Улаанбаатар хот руу буяны ажлаар яваад буцаж ирж байсан 9 иргэний машинд дайгдаж Хөвсгөлд иржээ. Тус иргэн “Би PCR-ийн шинжилгээ өгсөн учир аваад яваач” хэмээн Улаанбаатар хотын Дроган орчмоос суусан байна. Ингээд Хөвсгөлийн пост руу орж ирэхэд нь шалгахад өгсөн PCR шинжилгээний хугацаа дууссан байсан учир мэргэжлийн байгууллага хотоос ирсэн иргэн тус бүрт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд иргэн Б-ийн шинжилгээ хоёр удаа эерэг гарчээ. Иймээс автомашинд хамт ирсэн 9 иргэнийг Мөрөн сумын Эдельвайс зочид буудалд тусгаарлаад байгаа аж.
Дээрхи иргэдийн PCR-ийн шинжилгээг Орхон аймаг руу илгээсэн бөгөөд хариу нь маргааш өглөө гарах ажээ. Иргэн Б нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8-дугаар хороонд найзынхаасаа гаралгүй 10 хоносон хэмээн мэдүүлсэн бөгөөд тухайн иргэний явсан маршрут, уулзсан хүний талаарх тодруулгыг аймгийн Цагдаагийн Газраас авч байна.