Дэлхий
Лампард: Илүү баг нь хожиж, залуу баг том сургамж авлаа
Английн Премьер лигийн хүрээнд өнгөрсөн шөнө Лестер Сити клуб талбайдаа Челси клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 2-0 харьцаагаар хожсоноор лигийн хүснэгтийг 38 оноотой тэргүүлж эхлэв.
Тоглолтын гоолуудыг 6 болон 41 дэх минутад Харви Барнс, Марк Олбрайтон нарын дамжуулалтаар Уилфред Ндиди, Жэймс Маддисон нар оруулсан.
Челси клуб тоглолтын турш бөмбөг түлхүү эзэмшиж байсан ч цохилт нь эсрэг багаасаа цөөн удаа хаалгаа оножээ.
Тоглолтын дараа Челси клубийн дасгалжуулагч Фрэнк Лампард “Бид өөрсдөөсөө илүү багт хожигдлоо. Тэд биднээс илүү өөрсдийгөө дайчилж, илүү их гүйж, илүү сайн формтой байлаа. Харин бид өөрсдийгөө хангалттай дайчилсангүй. Эхний гоол үнэхээр урам хугарахаар байсан. Бидний одоогийн байрлал мэдээж хүсмээр зүйл биш. Би тоглогчдыг буруутгахгүй. Учир нь тэдний ч урам хугарсан. Залуу баг том сургамж авлаа” хэмээжээ.
Энэ жил топ багуудын эсрэг маш муу тоглолтыг үзүүлж байгаа Челси лигийн хүснэгтийн 8-р байранд 29 оноотой бичигдэж байна.
Харин Лестер Сити клубийн дасгалжуулагч Брэндан Рожерс “Бид чадварлаг багийн эсрэг маш сайн тоглолоо. Бид үүнийг хүртэх эрхтэй. Энэ улирал том багуудын эсрэг олон хожил авч байгаа нь бэлтгэл сайн байгаагийн шинж” гэв.