Улс төр
Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулахад 77 тэрбум төгрөг зарцуулжээ
УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2020 онд хийсэн ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл танилцууллаа.
Тус хороо 2020 онд 5 зорилт бүхий 58 арга хэмжээг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж, 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна. Ажлын үр дүнд 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундамж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 23 хувиар, PM2.5 тоосонцор 15 хувиар багассан үзүүлэлт гарсан байна. Нийт санхүүжилтийн 80 хувийг утаа буюу агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсныг сайд мэдээлэлдээ тэмдэглэв.
Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Туваан, Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээ хэрэгжүүлсэн талаарх санхүүгийн задаргааг авч танилцах хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ 2021 онд утаа, агаарын бохирдлыг бууруулахад үсрэнгүй ахиц гаргах ямар ажил төлөвлөж ажиллах талаар тодруулав. Мөн агаарын бохирдол буурсан гэж байгаа ч Улаанбаатарыг алсаас харахад саарал утаан дунд байгаа талаар хэллээ.
Дээрх асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Сарангэрэл ирэх 4 жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна. Цаашид үр дүнтэй шийдэлд хүрэхийн тулд орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Одоо ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна хэмээн хариулжээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд “Нэг жилд агаарын бохирдолд 77.3 тэрбум төгрөг зарцуулах нь бага мөнгө биш. Гол нь энэ мөнгөөр үр дүнтэй ажил төлөвлөж, хиймээр байна. Өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан байна. Ямар ажил тусгахаа ярилцаад, шийдээд явахгүй бол энд бид суух ямар хэрэг байна вэ. Дэд хорооны хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу ажлын төлөвлөгөөгөө дахиж батлаад явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсний хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл гишүүний энэхүү саналыг хүлээж авч байгаагаа хэлжээ.