Боловсрол

М.Саруул-Эрдэнэ: АНУ-ын Конгресийн номын сан Монголоос сар бүхэн 20-30 ном худалдан авч байна

Нийтэлсэн

Монголын үндэсний номын сангийн 100 жилийн ой 2021 онд тохиож байна. Ойдоо зориулж тус номын сангаас цуврал ярилцлага хийхээр төлөвлөж, анхны зочноороо АНУ-ын Конгресийн номын сангийн номын санч, Монгол номын мэргэжилтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийг урьжээ. Дэлхийн “хамгийн том, хамгийн аюулгүй, хамгийн үнэтэй” номын санд ажиллаж буй энэ эрхэмтэй Үндэсний номын сангийн мэргэжилтэн, Номын сан мэдээллийн шинжлэх ухааны магистр М.Даваасүрэн ярилцсан юм. Үндэсний номын сангийн зөвшөөрлөөр Номын сан, номын санч мэргэжлийн үнэ цэнийг тод томруун өгүүлэх энэхүү сонирхолтой ярилцлагыг товчлон уншигчдадаа хүргэж байна.

-Та Конгресийн номын санчаар хэзээнээс ажиллаж байна вэ?
-Конгресийн номын санд анх сайн дураараа ажиллаж эхэлснээс тооцвол бараг 16 жил болжээ. Албан ёсоор ажиллаж эхлээд жил хагас болж байна. Би Индианагийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан. Манай эхнэр Вашингтон ДС хот дахь Төрийн департментийн сургуульд багшилж байлаа. 2005 онд би амралтаараа Вашингтон ДС-д эхнэр, хүүхдүүддээ ирээд байхдаа Конгрессийн номын санд монгол ном байдаг гэж сонсоод сонирхож үзэхээр очсон. Монгол номын мэргэжилтэн Сюзан Маглиат гэж эмэгтэйтэй уулзсан. Сюзан түвд, монгол ном хариуцдаг. “Монгол хэл мэдэхгүй учир Монгол номуудаа янзалж чадахгүй байна. Вашингтон ДС хотод олон монголчууд байдаг учир тэднээс тусламж авдаг” гэсэн. Кирилээр бичсэн номуудыг латин үсгээр галиглаж, тухайн номын тайлбарыг латин үсгээр бичсэн байсан.

АНУ-ын Конгресийн номын сангийн одоогийн барилга ашиглалтад орсноор дэлхийн “хамгийн том, хамгийн үнэтэй, хамгийн аюулгүй” номын сан гэж нэрлэгдсэн.

“Жангарын тууль”-ийг нэрнээс нь эхлээд буруу бичсэн байсан. Тэгэхээр нь янзалж өгье гээд тэр зун зуугаад номын нэр, тайлбарыг бичиж өгсөн. Ирэх зун нь ирэхэд 200-300-гаад ном овоолчихсон байв. Миний хувьд ном уншиж цагаа сайхан өнгөрөөгөөд, тайлбарыг бичиж сайн дураараа тусалж байгаа юм. Тэгсэн “Таны өмнөх хугацаанд үнэ төлбөргүй хийсэн ажлыг харахад нэг номын санчийн бүтэн жилийн ажлыг хийсэн байна. Таныг каталог хийсэн номынхоо тоогоор тодорхой хэмжээний цалинтай ажиллуулъя. Та каталог хийсэн номынхоо тоогоор урамшуулал цалин аваад, бямба ням гарагт ажиллаж чадах уу?” гэж асуухад нь дуртайяа зөвшөөрсөн. Ингээд 2010 оноос хойш ажлын таван өдөр багшлаад, хагас сайн өдөр номоо уншаад каталог хийдэг, таатай ажил байсан л даа.

2018 оноос эхлэн бүтэн цагаар ажиллаач гэж санал тавьсан. Тэгэхээр багшийн ажлаа бүрэн орхих болно. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд 2020 оны гуравдугаар сарын 4-нөөс Конгресийн номын сангийн номын санчаар ажиллаж эхэлсэн.

-Конгресийн номын сан бол дэлхийн хамгийн том номын сан. Номын санд тавигдах стандарт, журмуудын гол цөм нь энд боловсруулагдаж, улс орнуудад хэрэгждэг. Номын сан энэ хүртэл явж ирсэн үүх түүхээс сонирхуулаач ?
-Конгресийн номын сан бол анх зөвхөн Конгресийн гишүүдэд зориулагдаж байгуулагдсан. Хууль тогтоогчид баталж байгаа хуулийнхаа талаар Америкт болоод дэлхий нийтэд гарсан номуудыг унших судлах зориулалттай Конгресийн гишүүдэд зориулсан уншлагын танхимтай байсан. Сүүлдээ үндэсний номын сан болсон.

Дэлхийн хамгийн том номын сан болсон түүх нь Конгресоор нэг чухал хууль баталсантай холбоотой. АНУ-ын Конгресын номын сангийн захирлыг “Конгресийн номын санч” гэж нэрлэдэг. Конгресийн номын сангийн захирал нь Конгресийн гишүүн байдаг. “Конгресийн номын санч” Зохиогчийн эрхийн тухай маш чухал хуулийг 1871 онд батлуулсан. Энэ хуульд “АНУ-д хэвлэгдэж байгаа зохиогчийн эрх авах бүх ном болоод номтой холбоотой зүйлд зохиогчийн эрх авах бол тухайн бүтээлээсээ хоёр хувийг Конгресийн номын санд заавал илгээж байх ёстой” гэж заасан. Үүнд: Дуу зохиосон, гар бичмэлээ баталгаажуулах, кино, хөгжим гэх мэт зохиогчийн эрх авах шаардлагатай оюуны бүтээлүүд хамаарна.

Зохиогчийн эрхийг нь Конгресийн номын сан баталдаг. Конгресийн номын сангийн барилгын нэг давхарт тэр чигээрээ маш олон хүнтэй Зохиогчийн эрхийн тасаг ажилладаг. АНУ-д жил бүр зөвхөн ном гэхэд 3 сая хэвлэгдэж байна. Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдсанаас хойш Конгресийн номын сан руу маш их ном, материал цувсан. Дэлхийн хамгийн том номын сан болох гол үндэс ингэж тавигдсан юм. Тэр үед ном нь номын сандаа багтахаа больсон учир Тусгай номын сан барих ёстой гэж хууль батлуулсан. Тэр байшин нь Конгресийн номын сангийн одоогийн барилга л даа. 1870-аад оноос хойш 10 гаруй жил барьж, ашиглалтад оруулсан. Энэ барилга ашиглалтад орсноор дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй, хамгийн аюулгүй номын сан гэж гурван үзүүлэлтээр “хамгийн” гэсэн тодотгол авсан түүхтэй.

Конгресийн номын санд ховор хуучин монгол ном гэхэд бараг 300-гаад бий. Орчин үеийн номыг Улаанбаатар хот дахь төлөөлөгчөөрөө дамжуулан сар бүр хамгийн шилдэг 20-30 ном авч байна.

-Яагаад?
-Хамгийн аюулгүй, үнэтэй хоёр нь холбоотой. Өмнө нь номын сан хоёр удаа шатсан учир огт шатахгүй материал ашиглана гээд шал, хана, тааз гээд бүх зүйлийг дан байгалийн цэвэр гантиг, боржин чулуугаар хийсэн учир хамгийн үнэтэй, хамгийн аюулгүй.

-Конгресийн номын сангийн Монгол номын сан хөмрөг хэр арвин материалтай вэ. Номоо хэрхэн бүрдүүлдэг бол?
-Бусад номын санг сайн мэдэхгүй ч Монголоос өөр улсад байгаа номын сангуудаас монгол номын сан хөмрөг хамгийн баялаг номын сан байх. Анх Монгол номын сан хөмрөг үүссэн түүхээс сонирхуулахад, АНУ-ын алдартай түвд, монгол судлаач, дипломатч Уиллим Вудвилл Рокхилл /1854-1914/ Бээжинд Элчин сайдаар сууж байсан.

Тэр хүн Элчин сайд болохоосоо өмнө Бээжин дэх ЭСЯ-нд дипломат ажилтан байхдаа Монгол, Түвдээр явж ном цуглуулж байсан. Хамгийн анх цуглуулсан номноосоо гурван номыг 1901 онд Конгресийн номын санд өгснөөр анхны монгол гурван ном ирсэн түүхтэй. “Ихэд тонилгогч судар”-ын гар бичмэл тэргүүтэй гурван ном өгсөн. Зөвхөн ховор хуучин монгол ном гэхэд бараг 300-гаад бий. Орчин үеийн номыг Улаанбаатар хот дахь төлөөлөгчөөрөө дамжуулан сар бүр хамгийн шилдэг 20-30 ном авч байна. Конгресийн номын сан “Дэлхийн бүх шилдэг номыг авна” гэсэн гол уриатай. Монголд гарч байгаа бүх шилдэг номыг бид авч байгаа гэж баттай хэлж чадна.

Exit mobile version