Улс төр

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний хагас шигшээ шат өндөрлөлөө

Нийтэлсэн

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний хагас шигшээ шат энэ сарын 16-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай билээ. Швейцарь системээр 8 өрөг тоглосон эрэгтэйчүүдийн хагас шигшээ тэмцээнийг аймаг, нийслэлийг тус бүр 4 бүс болгон зохион байгуулсан бөгөөд нийт 360 шатарч оролцсоноос бүс тус бүрээс 5, нийт 40 шатарчин шигшээд шалгарлаа.

Шигшээ тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан 40 шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо зэрэг байгуул­ла­гуу­даас урилгаар 24 хүртэл шатарчин оролцох юм.

Энэ удаагийн тэмцээн анх удаа онлайнаар, lichess.org платформ дээр явагдаж байгаа бөгөөд бүх шатны тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн нэг жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчны хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогч оролцож байгаа билээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шигшээ шат ирэх бямба гараг буюу 23-ны өдөр болж, аваргуудаа тодруулна.

Exit mobile version