Нийгэм
Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ
Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүргэсэн. Гэвч эхийг дулаан хувцасгүй авч явсан нь олон нийтийг ихээхэн бухимдуулсан юм. Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ хотын дарга Д.Сумъяабазарт уламжилсан.
Өчигдөр (2021.01.20) 20.45 цагт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн томилсон албан тушаалтан тул НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргалаа. Харин 1-р амаржих газрын даргыг НЭМГ-ын дарга томилдог. Энэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэж буй НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа тушаал гаргаж, 1-р амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлжээ. Гэхдээ Г.Баясгалан дарга ажлаа хийж байна. Тэрээр өөрийгөө чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.
Г.Баясгалан дарга нэг жил хагасын турш шүүхийн шийдвэрийг хүлээн, ердөө 20 хоногийн өмнө амаржих газрын даргын албан тушаалдаа эргэн иржээ. Тус амаржих газарт хагалгаанд орохоор хүлээж байсан эхийн зүрх гэнэт зогсон, нас барсан хэрэг жил хагасын өмнө гарсан. Үүнд эмнэлгийн нэг эмч, даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг буруутган халжээ. Гэвч Г.Баясгалан өөрийгөө буруугүй гэж үзэн, шүүхэд хандан, шүүх түүний талд шийдвэр гаргасан байна. 1-р төрөх эмнэлгийн ажилтнууд өмнөх дарга н.Дүүрэнбилэгийг албан тушаалд нь авч үлдээхээр гарын үсэг цуглуулсан ч НЭМГ тэдний хүсэлтийг хүлээн аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зөв гэж үзжээ.
Тус төрөх эмнэлэгт халдвар бүртгэсэн тул Чингэлтэй, Баянгол дүүрэгт оршин суудаг ээжүүдийг өөр эмнэлэг рүү шилжүүлсэн. Зөвхөн Хан-Уул дүүргийн ээжүүдийг л хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн зарим ажилтан гэрийн хорионд оржээ. Мөн зарим нь гэртээ харилгүй ажиллаж байна. Эмнэлгийг хойд, урд хэсэгт гэж хоёр хуваан, эмч ажилтнууд нэг хэсгээс нөгөө рүү нэвтрэхийг хоригложээ.