Эдийн засаг

Азанд найдах бус авахаа л авахыг хүсэх хүсэл

Нийтэлсэн

Манай улсын Нэмэгдсэн өртөгийн албан татвар/НӨАТ/-ыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, БНСУ-ын KOICA, АНУ-ын USAID, Япон улсын JICA  зэрэг байгууллагууд  “Олон улсын стандарт түвшинг хангасан бүтэцтэй, хэрэгжилтийн түвшин нь хангалттай сайн” гэж үнэлж байсан цорын ганц татвар юм гэнэ. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн жил НӨАТ-ын буцаан олголттой холбоотой элдэв хэл ам байнга гарах болсон. Мэдээж олон улсын дээрх байгууллагууд төсвийн орлогын найдвартай, тогтмол эх үүсвэр, эдийн засагт нөлөөлөх гаж нөлөө багатай, өргөн суурьтай, бага зардлаар хураах боломжтой, далд эдийн засгийг татварт хамруулдаг, олон улсын жишигт нийцсэн зэргийг нь харгалзан үзсэн нь дамжиггүй бөгөөд буцаан олголтыг үүнд хамааруулаагүйг ойлгох хэрэгтэй.

НӨАТ-т хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд нийт худалдан авалтынхаа мөнгөн дүнгийн 10 хувийг тооцуулан төлдөг бөгөөд төлсөн татварынхаа 20 хувь буюу нийт худалдан авалтынхаа хоёр хувийг хуулинд зааснаар буцаан авч байгаа. Харин энэхүү буцаан олголтыг олон улсын жишгийг дагаж 10 хувь болгох, сугалааг болиулах хэрэгтэй зэрэг элдэв шаардлага, санаачилга цахим орчинд хүчтэй явагддаг. Тэр ч бүү хэл энэхүү сугалааны мэдээллийн технологийн ажилтан олон саяын хонжворыг олон удаа авсан гэсэн хардлага ч байдаг. Дээрээс нь иргэд, аж ахуйн нэгжийн төлсөн татварын үлдсэн найман хувь нь бүгдээрээ сугалаанд зарцуулагддаг эсэхэд ч хүмүүс эргэлзээтэй ханддаг. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын энэ оны нэгдүгээр сарын 11-ний шийдвэрээр сугалааны мэдээллийн технологи болон бөмбөлөг, түүнийг үлээдэг системд шалгалт хийсэн. Шалгалтын дүнгийн заримыг хувь хүн, албан байгууллагын нууцлалтай холбоотой гэж үзээд олон нийтэд мэдээллээгүй. Ямартаа ч сугалааны бөмбөлөгийн жин, үлээж байгаа төхөөрөмж ямар нэгэн асуудалгүй, тохирлыг ямар нэгэн байдлаар тохируулах ямар ч боломжгүй гэдгийг тус газраас мэдэгдсэн. Нэг үгээр тус бөмбөг нь хамгаалалттай саванд байдаг бөгөөд тусгай лацаар дарагдан татвар, цагдаагийн байгууллагын хяналтад байдаг аж. Үүнийгээ НӨАТ-ын азтан шалгаруулах нэвтрүүлэг явуулах болгонд шалгагддаг, хөргөгчид хийдэггүй гэнэ. Тэгвэл Татварын тухай багц хууль ноднин жилийн нэгдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүгээр НӨАТ-ын буцаан олголтыг хуульчилж өгсөн. Гэсэн ч иргэдэд хардах эрх нь нээлттэй учраас энэ мэт ярианууд тасрахгүй нь ойлгомжтой. Хүн бүр л сугалааны азтан болох, өндөр мөнгөн дүнтэй сугалаа хожихыг боддог ч сугалаа гэдэг бүгдэд нь боломж олгодог зүйл биш. Тэгээд ч манай и-баримтын сугалаанд худалдан авах чадвар өндөртэй, амьдралын боломж гайгүй, и-баримтдаа аль олон баримт бүртгүүлсэн нь хожих магадлал их. Дээрээс нь одоо болтол зарим хүнсний дэлгүүрүүд буцаан олголттой биш зөвхөн сугалааны эрхтэй и-баримт хэвлэсээр байгаа. Харин холбогдох албаныхан хяналт шалгалт хийж, баримт хэвлэхгүй байгаа дэлгүүр, зах худалдааны төвүүдийг цэгцэнд нь оруулах тухай яригдаад л байгаа.

Манайханы хувьд сарын хугацаанд буюу нэг сугалааны тохирлоос нөгөө хүртэл 50 орчим сая баримт хэвлэгддэг бөгөөд үүнээс 32-35 сая нь бүртгэгддэг байна. Эдгээр сугалаанаас л аз од нь шовойдог гэсэн үг. Азтан шалгаруулах сугалаа явагдаж эхэлснээс хойш хэд хэдэн удаа томоохон хонжворын эзэд шалгарч, олон нийтэд танилцуулж байлаа. Эдгээрийн заримыг дурдвал 2017 оны арванхоёрдугаар сард Ж.Алтанзул гэх эмэгтэй 500 сая, 2018 оны арванхоёрдугаар сард өндөр настан 225 сая төгрөг хожиж байсан бол насаараа сувилагч хийсэн эмэгтэй 50 сая, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй мөн 50 сая төгрөгийг хожиж байлаа. Сугалаанд хожсон, аз тохиосон нэгэндээ атаархсандаа сугалааны тохирлыг шүүмжлээд болиулах тухай яриад байгаа хэрэг биш. Зүгээр л буцаан олголтынхоо хувь хэмжээг нэмээд сугалаа явуулахаа болих нь бүгдэд эрх тэгш, өөрсдийн худалдан авах чадвартаа таарсан буцаан олголтоо авахыг хүсээд байгаа хэрэг. Аз одонд найдаж, атаа жөтөөгөө хөдөлгөж суух биш авах ёстойгоо аваад амар тайван ажиллаж амьдрахыг л хүсэж байгаа нь их. Герман улсад л гэхэд энэ татварыг 10 хувиар нь буцаан олгодог төдийгүй тус улсад түр ирсэн хүмүүсийн худалдан авалтын буцаан олголтыг баримтыг нь үндэслэн нисэх буудал дээрээ тоо ёсоор нь тулгаад өгчихдөг гэнэ лээ. Харин манайх болохоор аз таарсан цөөн хэд нь асар ихээр хожоод ихэнх хэсэг нь буцаан олголт нэртэй өчүүхэн жаахныг авч байна. Тэгээд ч өнгөрсөн жилээс эхлэн буцаан олголтыг улирал бүрт тооцон олгодог болсон нь дундаж болон түүнээс доогуур амьдралтай хүмүүст бараг “юм” очихоо больсон тухай ч ярьдаг. Жилийн эцэст нийтээр олгох нь улсын эдийн засагт тодорхой дарамт болж байснаас ийм шийдвэр гаргасан нь ойлгомжтой.

НӨАТ-ын буцаан олголт, сугалааг тойрсон асуудлыг цухас сөхөхөд ийм байна. Энэ талаарх маргаан, хардлага бүгдэд нь ижил тэгш буцаан олгодог болсон хойно л дуусах биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version