Энтертайнмент
Клопп: Хөвгүүдэд зөв мэдрэмж төрүүлээгүйгээс хожигдлоо, миний буруу
Английн Премьер лигийн хүрээнд өнгөрсөн улирлын аварга Ливерпүүл клуб талбайдаа Бөрнли клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолт 83 дахь минутад Бөрнли клубийн довтлогч Эшли Барнсын торгуулийн цохилтоор шийдэгдэж 0-1 харьцаагаар өндөрлөв.
Ливерпүүл клуб хожигдсоноор 34 оноотой хүснэгтийн дөрөвдүгээр байранд лигийг тэргүүлэгч Манчестер Юнайтед клубээс 6 оноо дутуу үлдэж байна. Харин Бөрнли хожсоноор хүснэгтийн 16-р байранд Ньюкасл клубийн ижил 19 оноотой бичигдэж байгаа юм.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд лигийн хүрээнд талбайдаа 68 тоглолт дараалан хожигдоогүй байсан Ливерпүүл ийнхүү ялагдал хүлээв. Тэд сүүлийн таван тоглолтдоо ердөө нэг гоол хийж гурван оноо аваад байна.
Тоглолтын дараа талбайн эздийн дасгалжуулагч Юрген Клопп “Хожигдох боломжгүй тоглолт байсан ч бид хожигдлоо. Энэ миний буруу. Учир нь би хөвгүүдэд зөв мэдрэмж, итгэл үнэмшил төрүүлж, талбай дээр зөв сонголт хийхэд нь туслах ёстой байсан. Бид бөмбөг их эзэмшиж, олон гоолын боломж үүсгэсэн ч мөчид гаргасан эцсийн шийдвэрүүд буруу байв. Зөв цагтаа бөмбөг авсан ч цохилгүй дамжуулсан үе олон. Бид хожигдлоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөр хэлэх зүйл алга даа” хэмээв.
Тоглолтын шилдгээр Бөрнли клубийн төвийн хамгаалагч Бэн Ми шалгарсан бөгөөд тоглолтын турш багаа хамгаалалтад маш сайн удирдсан. Тэрээр хоёр удаа цохилт хаан, мөн хоёр удаа эсрэг багийн тоглогчийн бөмбөгийг булаасан ба 14 удаа бөмбөгийг торгуулийн талбайгаас зайлуулсан байна.
Түүнчлэн багийнхаа төлөө 100 дахь тоглолтоо хийсэн хаалгач Ник Пөүп хаалгандаа ирсэн цохилт бүрийг амжилттай хааж байсан юм.
Эх сурвалж: Skysports