Энтертайнмент
Б.Дуулим: Саяхан “Анхны хайр” гэсэн сайхан дууг дуулсан, удахгүй цацна
“Зууны манлай” хос дуучин, гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар урлагийн салбарт 40 гаруй жил уран бүтээл туурвиж яваа, монгол түмний хайртай уран бүтээлчид билээ. Тэдний дуулах авьяасыг бага хүү В.Баттулга нь өвлөж авсан бол өдгөө дуучин залуугийн охин Б.Дуулим урлагийн салбарт хүч түрэн орж ирээд байна. Тэрээр энэ сарын 18-нд анхны бие даасан “Энх эсэн болтугай” тоглолтоо аавтайгаа хамтран зохион байгуулсан нь олон хүний сэтгэлд хөг аялгуу нэмээд байна. Залуу дуучин Б.Дуулимыг энэ удаагийнхаа “Өөр зочин”-оор урьж ярилцлаа.
-Юуны өмнө анхны тоглолтоо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Сэтгэгдэл хэр байна даа. Мэдээж тоглолтын өмнө догдолсон, хүлээсэн мөч их байсан байх. Харин тоглолтоо хийсний дараах сэтгэл ханамж хэр байна?
-Баярлалаа. Юуны өмнө “Зууны мэдээ” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Анхны тоглолт учраас тоглолтын дараах сэтгэл маш өндөр байна. Анхныхаа лайв тоглолтыг аавтайгаа хамтарч хийсэн болохоор их баяртай байна. Найз нөхөд, гэр бүлийнхэн, намайг дэмждэг хүмүүс сэтгэл өндөр хүлээж авсан. Мөн тоглолтын дараа ч олон хүн баяр хүргэж, урмын үг хайрласан. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, цаашид ч бас хичээх болно. Олон зүйлийг хийж бүтээх болно гэж бодож байна.
-Залуу дуучин Б.Дуулимыг урлагийн гэр бүлээс гаралтай. Тэр тусмаа “Зууны манлай” хос дуучин, гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин. Дуучин В.Баттулгын охин гэдгээр нь хүмүүс сайн танина. Энэ удаагийн “Энх эсэн болтугай” тоглолтод танай гэр бүлийнхэн оролцож, уран бүтээлээ толилуулсан. Аав ээж, өвөө эмээгийнх нь сэтгэгдэл хэр байна вэ?
-Манай гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс учраас надад үргэлж зааж зөвлөж, урмаар тэтгэдэг. Анхны минь тоглолтод намайг дэмжиж оролцсон өвөө эмээдээ, аав ээждээ, бусад уран бүтээлч ах эгч нартаа баярлаж талархсанаа хэлье. Тоглолтод манай гэр бүлээс эмээ өвөө, аавын ах оролцсон. Мөн бусад уран бүтээлчээс бяцхан дуучин Б.Бат-Энэрэл, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Соёлын гавьяат зүтгэлтэн, монгол түмний хайртай зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар ах гээд олон уран бүтээлч оролцсон. Тоглолт маань үнэхээр сайхан болсон.
-“Энх эсэн болтугай” тоглолт телевизийн хоёр сувгаар гарсан. Энэ тоглолтыг зарим хүн үзэж амжсангүй, нөхөж үзэх боломжтой юу гэж их асууж байсан?
-Шууд лайв тоглолт байсан учраас нөхөж үзэх боломжгүй.
-Тоглолтоо яагаад “Энх эсэн болтугай” хэмээн нэрлэсэн юм бэ. Энэ нь цаанаа нарийн утга учрыг билэгдсэн байх. Хоёрдугаарт, “Энх эсэн болтугай” хэмээх дуу танай гэр бүлд тун сонирхолтой түүхийг өгүүлдэг. Энэ дууг анх 1980-аад оны үед өвөө эмээ хоёр чинь анх удаа дуулж байсан гэдэг. Дараа нь хүү В.Баттулгатайгаа дуулсан байдаг. Харин одоо гурав дахь үе дээрээ дуучин В.Баттулга охинтойгоо хамтран дуулжээ?
-Дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай нүүр тулаад байна. Монголчууд ч бас энэ өвчнөөс хол байх гэж хүн бүр дор бүрнээ хичээж байна. Яг ийм хүнд хэцүү үед Монголынхоо ард түмнийг эрүүл энх байхыг билэгдэж, тоглолтоо “Энх эсэн болтугай” хэмээн нэрлэсэн. Дээрээс нь энэ дуу таны хэлсэнчлэн манай гэр бүлд төдийгүй Монголын ард түмэнд сайн сайхныг билэгдэж, хэдэн мянган жилээр дуулагдах тийм агуу билэгшээлтэй дуу гэж боддог. Энэ дууныхаа нэрээр тоглолтоо нэрлэсэндээ их баяртай байгаа.
-Аавтайгаа хамтран дуулсан “Энх эсэн болтугай” дуу цахим орчинд өндөр хандалттай явдаг. Мөн олон хүн утасныхаа дуудлага дээр хадгалсан байхтай таарсан. Мөн Дуулимын дуулсан “Жинжиймаа” киноны дууг хүмүүс их сонсдог. Одоо өөрийн гэсэн хэчнээн уран бүтээлтэй болоод байгаа вэ?
-Хамгийн анхны уран бүтээл “Амь нэгтэй аав охин” дууг аавтайгаа хамтран дуулж байсан. Одоо өөрийн гэсэн 6-7 уран бүтээлтэй. Саяхан “Анхны хайр” гэсэн сайхан уран бүтээлийг дуулсан, удахгүй цацна.
-Олны хүртээл болсон уран бүтээлүүдээс нь харж байхад ихэвчлэн зохиолын дуу дуулсан байдаг. Харин саяхан нэг лайв бичлэг дээр ардын дууг эвлэгхэн дуулж байгаа харагдсан. Цаашид ардын дуу дуулах уу. Уртын дуу хэр дуулдаг вэ?
-Би бүх төрөл жанраар дуулахыг хичээдэг. Ихэвчлэн ардын дуу дуулдаг. Тэр дундаа “Алсын газрын зэрэглээ” дуунд их хайртай, дуулах дуртай.
-Дууныхаа стиль, төрөл жанрыг эвдээд орчин үеийн поп, R&B, dance стилийн дуу дуулъя гэж боддог уу?
-Бодсон зүйл их бий. Гэхдээ эхний ээлжинд Монголын ард түмний сэтгэлд хоногшсон хуучны дуунуудыг сэргээн шинэчилж, өөрийн хэв маягаар дуулахыг зорьж байгаа. Яагаад гэвэл үе тэнгийн хүүхэд залуустаа ийм сайхан дуу байдаг юм шүү гэдгийг ойлгуулах юмсан гэж бодож байгаа. Мөн бидний “Алтан үеийнхэн” гэж нэрлэдэг ахмад уран бүтээлчдийнхээ сайхан бүтээлүүдийг үеийн үед мартагдуулахгүйн тулд дуулж байгаа. Ер нь барууны стилиэр дуулах дуртай.
-Дуулим төгөлдөр хуур тоглодог гэсэн үү?
-Төгөлдөр хуур тоглож сурч байгаа. Энэ миний дурлаж сурч хайрлаж тоглож байгаа ганц хөгжим минь. Аав маань мэргэжлийн төгөлдөр хуурч. Гэхдээ би ааваараа нэг ч удаа барилт болон даралтыг нь заалгаж байгаагүй. Өөрөө бие дааж сурч байгаа. Хүн өөрөө хичээвэл олон зүйлийг амжуулж болно гэдгийг харуулах гэсэн.
-Урлагийн гэр бүлд төрж өсөх, өсч том болоод энэ салбарын хүн болж байгаа болохоор ямар мэдрэмж төрж байна. Өөртөө том зорилго, үүрэг хариуцлага үүрүүлж байгаа байх?
-Урлагийн салбарт ажиллаж, амьдрах, урлаг ер нь их хатуу салбар гэдгийг багаасаа л мэдэрч өссөн дөө. Бусдад магтуулж, зэмлүүлэхээс эхлээд олон зүйлтэй нүүр тулна. Тийм болохоор хэзээ ч шантарч болохгүй. Илүү их хичээх хэрэгтэй гэж боддог. Би өөрийгөө олон зүйлд сорино, олон зүй сурна, суралцана гэж боддог. Өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө дайчилж, хичээх болно.
-Танай ээж бас урлагийн хүн гэж сонссон. Ямар чиглэлээр ажилладаг вэ. Дуулимын лайв бичлэгүүдэд ээжийгээ танилцуулаач гэсэн коммент их харагдаж байсан. Мөн “Анхны хайр” дуу дуулах эрхийг ээж нь авч өгсөн гэж сонссон?
-Тийм ээ. Ээж маань Боловсрол, соёлын газарт Соёл хариуцсан мэргэжилтэн хийдэг. “Анхны хайр” уран бүтээлийг дахин дуулах зөвшөөрлийг аав минь хөөцөлдөж авч өгсөн. Би энэ дууг дуулсандаа үнэхээр баяртай байгаа. Энэ дууг дуулах боломжийг олгосон уран бүтээлчиддээ бас баярлалаа гэж хэлмээр байна.
-Дуулим эмээ өвөөтэйгөө хэр ойр өссөн бэ. Чамд хамгийн их юу гэж захиж зөвлөж байна даа?
-Би эмээ өвөөтэйгөө их ойрхон өссөн. Бид чинь нэг байрны дээр доор амьдардаг хүмүүс шүү дээ. Эмээ өвөө маань надад уран бүтээлч хүний хувьд маш нарийн зөвлөгөөнүүдийг өгдөг. Хийж буй уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандах, дуулж буй дууныхаа үгийг, утга учрыг нь ойлгож, хөгжим аялгууг нь мэдэрч дуул гэж байнга захьдаг. Мөн өвөө эмээ, аав минь дандаа урлагийн хүн хариуцлагатай байх ёстой шүү гэдэг.
-Ямартай ч тоглолтоо хийгээд амжлаа. Дараагийн төлөвлөгөө юу вэ, нууц биш бол?
-Аавтайгаа хамтарсан цомог гаргаж байгаа. Тун удахгүй үзэгч, сонсогч түмэндээ хүргэх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.22 БААСАН № 16 (6493 )