Covid-19

Энэтхэг улсаас ирэх COVID-19-ийн эсрэг вакцинд итгэж болох уу?

Нийтэлсэн

Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа COVID-19-ийн эсрэг вакцинаас авах хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх  илэрхийлсний хариуд тус улс дотооддоо үйлдвэрлэсэн дөрвөн сая тун вакциныг манай улсад нийлүүлэх боломжтой гэдгийг даваа гаригт зарласан. Энэтхэгийн тухайд “Covaxin”, “Covishield” гэсэн хоёр вакциныг яаралтай горимоор ашиглах журам батлан энэ сарын 16-наас иргэдээ хамруулж эхэлсэн. Гэвч “Бхарат” эмийн компани дархлаа сул, харшилтай болон бусад эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийг “Covaxin” вакцин хийлгэхээс татгалзахыг мягмар гаригт уриалжээ. Түүнчлэн вакцин хийлгэсэн хүнд амьсгаа давчдах, нүүр, хоолой хавагнах, зүрхний цохилт түргэсэх, толгой эргэх шинж тэмдэг илэрч болно гэж мэдэгджээ. Учир нь энэ вакцины халдварын эсрэг үзүүлэх нөлөөллийг үл харгалзан Энэтхэгийн Засгийн газар яаралтай ашиглахыг зөвшөөрсөн нь маргаан дагуулж байна.
Тэгвэл  Энэтхэг Их Британийн Засгийн газар, Оксфордын их сургууль, “AstraZeneca” компани хамтран тус улсад үйлдвэрлэж байгаа  “Covishield”  вакциныг бусад улсад нийлүүлэх гэж байгаагаа зарлажээ.  Энэ вакцин нь сүүлийн шатандаа 62 хувийн үр дүн үзүүлсэн бол Pfizer, Moderna, Sputnik V вакцинууд 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн билээ.
Мөн сүүлийн шатны туршилт нь бүрэн дуусаагүй, ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй учир цар тахлаас бүрэн дүүрэн хамгаалах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.   Түүнчлэн  “Covishield”   вакциныг тариулсан хоёр хүн нас барсныг “Aljazeera” даваа гаригт мэдээлжээ. Гэвч  Энэтхэгийн Засгийн газар өвчтөнүүдийг зүрхний өвчний улмаас нас барсан гэсэн тайлбар өгсөн байна.
Бусад орнуудад худалдаалах гэж байгаа “Covishield”   вакцин нь нэг тун нь  3-4 ам.долларын үнэтэй буюу хамгийн хямд, ердийн температуртай хөргүүрт зургаан сар хадгалах боломжтойгоороо давуу талтай боловч үр нөлөөнийх нь талаар хангалттай мэдээлэл байхгүй тул шинжээчид аюулгүй байдалд нь санаа зовниж байна. Тиймээс АНУ болон Европын холбоо тус вакцинд олгох зөвшөөрлийг хоёр сарын сүүл хүртэл хойшлуулжээ.
Харин манай улс энэ вакциныг оруулж ирэн, иргэдээ хамруулахаар эрс шийдсэн бололтой. Энэ талаар  Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл өчигдрийн хурлын үеэр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 51 оронд 54.3 сая хүнийг цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. ДЭМБ анх Pfizer/ BioNTech-ийн вакциныг арванхоёрдугаар сарын 31-нд бүртгэгдсэн.  Харин хоёрдугаар сард Энэтхэг улсад үйлдвэрлэж буй AstraZeneca, Moderna компанийн хөгжүүлсэн вакцинд зөвшөөрөл олгохоор ажиллаж байна. Энэтхэгийн “Covax” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэсэн хоёр вакцины клиникийн туршилт дууссан.
ЭМЯ-наас ДЭМБ-тай хамтран 140 эмч, мэргэжилтнийг энэ вакцины үйлдвэрлэл болон түүнийг хэрэглэх заавартай танилцуулах хоёр өдрийн цахим сургалтад хамруулж эхэлсэн” гэж мэдээллээ. Гэвч дэлхийн бусад хэвлэлээр сүүлийн шатны туршилт нь бүрэн дуусаагүй байхад Энэтхэгийн Засгийн газар яаран зөвшөөрөл олгосон тул вакцины аюулгүй байдалд эргэлзэж байгаагаа зарлаад байна. Тиймээс цар тахлын эсрэг үр дүн үзүүлдэг эсэх нь мэдэгдэхгүй зарим улс орнууд иргэдээ тариулахаас татгалзахыг уриалж байгаа вакцинд бид итгэж болох уу.

Exit mobile version