Улс төр

Х.Тэмүүжин: Төр засгийн үйл ажиллагаанд сөрөг хүчний хүчтэй хяналт дутагдаж байна

Нийтэлсэн

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг намын Улс төрийн зөвлөлд хүргүүлэх гэж байна. Энэ талаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед төр, Засгийн шийдвэрт хяналт тавихын тулд Ардчилсан нам эхлээд дотоод асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж.

Тэрбээр “Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг гайхах гэсэн шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Ардчилсан нам өөрийн толгой дээрх бухлыг олж харахаас гадна яаж салах вэ гэж санаа зовж байна. Айл гэр хэрүүл уруултай байхад олон түмэн тэр айл руу ойртохоос айдаг. Тийм учраас бид тогоон дотроо хүлээцтэй эвтэй байх ёстой гэж бодож байна. Ордонд дотор нь хулгайч, луйварчид нь ороод суучихсан. Төрийн толгойд худалч, урвагчид заларчихсан энэ үед Монголын төрөөс шинжлэх ухаанч бодлого гарахаа больсон. Цэрэг хувцас, ёсолгоо хоёроор асуудлыг шийдэхгүй. Ард иргэдийн орлого бизнес эрхлэгчдийн ажил залуучуудын мөрөөдөл үгүй болж байна. Тийм учраас улс төрийн хоосон PR-аар биш эрүүл саруул бодлогоор асуудлаа шийддэг байх ёстой. Төр засгийн үйл ажиллагаанд сөрөг хүчний хүчтэй хяналт, эрүүл саруул дуу хоолой дутагдаж байна. Эрүүл саруул хяналт тавихын тулд Ардчилсан нам эхлээд өөрийн дотоод асуудлаа шийдэх хэрэгтэй. Иймээс Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо гэдэг бол Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага. Тус намаас гарч байгаа гол бодлогыг шийдвэрлэдэг үндсэн байгууллага. Үндэсний бодлогын хороо 390 орчим гишүүдтэй. Нийт гишүүдийн олонх нь Үндэсний бодлогын хорооны гишүүд юм. Иймээс Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг хуралдуулах зарыг хүргэж байна. Учир нь өнөөдөр Монголын эдийн засаг нэн хүнд байдалд байна. Эдийн засаг агшиж байна. Засгийн газарт иргэдийн амьжиргааг өөд нь татах ямар ч гаргалгаа алга. Иймээс Ардчилсан намын дотоод асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхээр Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай.

Exit mobile version