Дэлхий
Tesla компани хуучин ажилтнаа мэдээлэл задруулсан хэргээр шүүхэд өгчээ
Tesla компани хуучин ажилтан, програм хангамжийн инженер Алекс Хатиловыг мэдээлэл задруулсан, компанийн файлыг хулгайлж хувийн Dropbox-доо хийсэн хэргээр шүүхэд өгчээ.
Түүнийг компанийн бизнесийн үйл явцыг автоматжуулахад ашигладаг Warp Driver програм хангамжтай холбоотой дотоод сүлжээний файлыг хулгайлсан хэмээн буруутгаж байна. Алекс уг сүлжээнд нэвтрэх эрхтэй цөөн хүний нэг байсан бөгөөд байцаалтын үеэр “файлуудыг санамсаргүй Dropbox-доо хийснээ мартсан” гэжээ.
Tesla компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн төстэй нэхэмжлэлээр төслийн техникчээр ажилладаг байсан Мартин Триппийг шүүхэд өгсөн юм. Трипп ч сэтгүүлчдэд нууц мэдээлэл задруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Түүнчлэн Tesla 2019 онд автомат жолоодлогын Zoox компанийг шүүхэд өгсөн бөгөөд өмнө нь Tesla-д ажиллаж байсан дөрвөн ажилтан Zoox-д ажиллаж байсан юм. Энэ хэргийг 2020 оны дөрөвдүгээр сард шийдвэрлэсэн ба тэдгээр ажилтнууд Tesla-гийн нууц бичиг баримтуудыг авсан болохыг нотолсон байна.
Гэхдээ хэрэг эцэслэгдээгүй бөгөөд Tesla-д ажиллаж байсан Гуанжи Цао нь Tesla-гийн автомат жолоодлоготой холбоотой бичиг баримтыг хулгайлсан хэмээн шүүхээр хэлэлцэж байгаа юм.
Эх сурвалж: CNBC, TheVerge