Дэлхий
Хөл хорионы дэглэм нь шинэ вирусын тархалтыг тодорхой цэгт барьж байна
“Франц Улс дахь Ковид-19 вирусын нөхцөл байдлын талаар тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг хүргэжээ.
Франц Улсад 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар вирусын халдвар авсан шинэ тохиолдол 18436 /нийт 3053617), нас баралтын тоо 172 /нийт 73049) болж нэмэгдсэн бол эрчимт эмчилгээнд буй иргэдийн тоо 69-өөр /нийт 2965/ өсчээ. Франц Улсын хэмжээнд Ковид-19 вирусын эсрэг вакциныг 1026871 хүнд хийсэн байна.
Францын Шинжлэх ухааны зөвлөлийн Ерөнхийлөгч Ж.Делфрейзи хөдөлгөөн хязгаарлалтын дэглэмийг чангатгах нь вирусын шинэ мутацид орсон хэлбэрийг бууруулах шууд ач холбогдолтой биш ч гэсэн Их Британи, Ирландад авч буй хөл хорионы дэглэм нь вирусын ерөнхий өсөлтийг тодорхой цэгт барьж чадаж байгааг манай улс анхаарах ёстой гэж мэдэгдэв. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Г.Аттал өнгөрөгч Ням гараг хийсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар хөдөлгөөний бүрэн хязгаарлалт хийх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгааг мэдэгдээд байна.
Гэвч Францын хэвлэл мэдээллийн байгууллагууд Засгийн газрын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр хөдөлгөөний бүрэн хязгаарлалт хийх зайлшгүй шаардлагатай болсон байх магадлалтай гэж дүгнэж байна.
Эх сурвалж: Франц Улс дахь Монгол Улсын ЭСЯ