Эдийн засаг
ОХУ-аас Монголоор дамжин БНХАУ руу очих хийн хоолойн ТЭЗҮ-г хийх “Газопровод союз восток” компанийн үйл ажиллагаа эхэлжээ
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий ОХУ-ын “Газпром” НХН-ийн харьяа, тусгай зориулалтын “Газопровод союз восток” компанийг манай улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, үйл ажиллагаа нь эхэлжээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр тус компанийн захирал Евгений Николаевич Асеевтэй цахим уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн удирдлага, төлөөлөл оролцлоо.
Цахим уулзалтын эхэнд Элчин сайд Д.Даваа “Газопровод союз восток” компанийн захирал Е.Н.Асеевт тус компанийн захирлаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ тус компанийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Монгол Улсын Худалдаа хөгжлийн банканд “Газопровод союз восток” компанийн нэр дээр байнгын данс нээлгэнэ
Энэхүү уулзалтын хүрээнд “Газопровод союз восток” компанийн зүгээс Монгол Улсын Худалдаа хөгжлийн банканд “Газопровод союз восток” компанийн нэр дээр байнгын данс нээлгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан монголын талын баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга уг асуудлаар оросын талыг дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллээр хангасан байна.
Улмаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий ОХУ-ын “Газпром” НХН-ийн Тусгай зориулалтын энэхүү компанийн үйл ажиллагааг жигдрүүлэхтэй холбогдуулан талууд цаашид нягт хамтран ажиллахаар тохирсон байна.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам