Энтертайнмент
Хүн төрөлхтний гурван өөр хөлөг ирэх сард АНГАРАГ гарагт хүрнэ
Өнгөрсөн 2020 он сансар огторгуй судлалын түүхэн дэх онцлох жилүүдийн нэг байлаа. Учир нь сансрын нисгэгчид анх удаа хувийн компанийн хөлгөөр сансарт нисэж, Япончууд астероидоос анхны дээжийг авчран, Хятадууд сарнаас дээж авсан гурав дахь орон болсон юм.
Тэгвэл 2021 онд хүн төрөлхтний сансар огторгуй судлал хэрхэн дэвшиж, ямар шинэ ололт амжилт бүтээхээр төлөвлөж байна вэ? Сансар огторгуй судлалд болох онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
Хоёрдугаар сарын 9. Hope
Арабын Нэгдсэн Эмират улсын сансрын агентлагийн бүтээсэн нисгэгчгүй Hope хөлөг өнгөрсөн оны долоодугаар сарын 19-нд дэлхийгээс хөөрсөн. Ангараг гарагийн өдөр тутмын болон улирлын цаг агаар, түүний өөрчлөлтийг судлах зорилготой уг судалгааны хөлөг хоёрдугаар сарын 9-нд улаан гарагийн тойрог замд орно гэсэн тооцоотой байна.
Хоёрдугаар сарын 10. Tianwen-1
2020 оны долоодугаар сард Ангарагийг зорин хөөрсөн гурван өөр хөлгийн нэг Tianwen-1 хоёрдугаар сарын 10-нд улаан гарагийн тойрог замд хүрэх төлөвлөгөөтэй. “Long March 5” цойлуураар хөөрсөн уг хөлөг Хятадын ангарагийг судлах анхны даалгаврыг биелүүлэхээр зорьж байгаа бөгөөд гарагийн тойрог замд хүрснээс гурван сарын дараа гадарга дээр нь газардах төлөвлөгөөтэй байна.
Хоёрдугаар сарын 18. Perseverance
Өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд хөөрсөн NASA-гийн Perseverance хайгуулч робот ирэх хоёрдугаар сарын 18-нд ангараг гараг дээр газардана. Ангарагийн Жезеро тогоонд газардах хайгуулч улаан гараг дээр амьдрал байсан эсэхийг нотлох бичил биетнүүдийг хайх гэсэн үндсэн даалгавартай.
Түүнчлэн тус гараг дээр хүн газардах судалгааны ажилд тус болохуйц технологийн туршилтыг хийж ангараг дээр анх удаа робот нисдэг тэрэг хөөргөнө.
Гуравдугаар сарын 29. Starliner
2020 онд Space X компани Crew Dragon хөлгөөр NASA-гийн сансрын нисгэгчдийг Олон улсын сансрын станц руу хүргэж түүхэн амжилт үзүүлсэн. Сансар судлалд хувийн компаниуд анхаарлаа хандуулах болсон энэ үед тэдэнтэй өрсөлдөхөөр Boeing компани хоёр ч туршилтыг хийнэ. Тус компани Starliner сансрын хөлгийн эхний туршилтын нислэгийг гуравдугаар сарын 29-нд нисгэгчгүй хийхээр төлөвлөсөн. Харин хоёр дахь туршилтын нислэгийг зургаадугаар сарын эхээр нисгэгчтэй хийх юм.
Долоодугаар сарын 22. DART
NASA-гийн Астероидын чиглэлийг өөрчлөх туршилт(Double Asteroid Redirection Test – DART)-ын нислэг долоодугаар сарын 22-нд хөөрнө. Уг даалгавар нь Дидимос гэх давхар астероид(нэг тойрог замаар эргэх хоёр астероид, ихэвчлэн харьцангуй жижиг нэг нь дагуул хэлбэрээр оршдог)-ын дагуулыг сансрын хөлгөөр мөргөж чиглэлийг нь өөрчлөх зорилготой. Энэ нь цаашдын ирээдүйд дэлхийтэй мөргөлдөх эрсдэлтэй астероидын чиглэлийг өөрчилж эсвэл хазайлгаж болох эсэхийг шалгах үр дүнтэй юм.
Аравдугаар сарын 1. Luna 25
ОХУ-ын Roscosmos сансрын агентлагийн саран дээр газардах шинэ даалгавар Luna 25-ыг аравдугаар сарын 1-нд Союз цойлуураар хөөргөхөөр төлөвлөж байна. Luna-Glob газардагч сарны өмнөд туйл дахь Богусловскийн тогоонд хүрэх бөгөөд нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ.
Аравдугаар сарын 31. James Webb Telescope
NASA-гийн “Hubble” сансрын дуранг залгамжлах, “James Webb” сансрын дуранг аравдугаар сарын 31-нд хөөргөхөөр төлөвлөж байна. Hubble дуран дэлхийн тойрог замаар эргэлддэг бол түүнээс илүү нарийвчлалтай James Webb дуран дэлхийгээс сар хүрэх зайнаас дөрөв дахин хол байрлах Лагранжийн цэгт (L2 цэг – Дэлхийгээс 1.6 сая км-ын зайнд нарыг тойрон эргэх орбитын цэг) байрлах юм. Уг дуран илүү алсад байрлах биетүүд, үйл явцуудыг ажиглаж, галактикийн хэлбэр дүрсийг тодорхойлох зэрэг одон орон, сансар огторгуй судлалд чухал ач холбогдолтой юм.
Аравдугаар сар. Axiom
Space X компани Axiom Space-1 төслийн хүрээнд анх удаа Засгийн газрын агентлагийн бус нисгэгчдийн багийг сансарт гаргахаар төлөвлөж байна. Crew Dragon хөлгөөр аравдугаар сард хөөргөхөөр төлөвлөсөн багийнхан Олон улсын сансрын станцад найм хононо. Баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд түүнд алдарт жүжигчин Том Круз багтаж магадгүй байгаа юм.
Арваннэгдүгээр сар. Artemis 1
2024 онд саран дээр анхны эмэгтэй хүнийг буулгахаар төлөвлөж буй NASA-гийн Artemis төслийн эхний даалгавар Orion сансрын хөлгийг арваннэгдүгээр сард хөөргөнө. Дэлхийн хамгийн том цойлууруудын нэг Space Launch System(SLS)-ээр анх удаа хөөрөх, нисгэгчгүй Orion хөлөг сарны тойрог замд гурван долоо хоног болоод эргэн ирнэ. Хэрэв туршилт амжилттай болбол Artemis төслийн хүрээнд саранд хүрэх нисгэгчид цаашид Orion ба SLS хоёрын хослолоор хөөрөх юм.
Арванхоёрдугаар сар. Starship
Space X компанийн хөгжүүлж буй аварга том цойлуур Starship-ын ээлжит туршилтыг арванхоёрдугаар сард гүйцэтгэнэ. Сар болон ангараг гарагийг зорих хөлгүүдийг тээвэрлэн хөөрч, дахин ашиглагдах зориулалттай уг цойлуурын SN8 загварыг турших юм.
Хятадын сансрын станц
Өөрийн гэсэн сансрын станцтай болох төлөвлөгөөтэй Хятад улс Tiangon төслийг хэрэгжүүлж байгаа ба станцын эхний хэсгийг 2021 онд хөөргөхөөр төлөвлөжээ. Нийт 11 удаагийн хөөргөлтөөр Олон улсын сансрын станцын тавны нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй станцыг байгуулах аж.
Эх сурвалж: TechnologyReview, Wikipedia