Улс төр
Ч.Хүрэлбаатар: ОХУ, БНХАУ-ын вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Манай улс Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр коронавирусийн эсрэг вакциныг оруулж ирэхээр төлөвлөж байгаа.
Засгийн газар вакцин худалдан авах Ажлын хэсгийг ахалж буй Ч.Хүрэлбаатар сайд, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс нэн түрүүнд хамрагдах, нийлүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгсөн гэв. Түүнчлэн вакцин үйлдвэрлэгч орон болох АНУ, Япон, БНХАУ, БНЭУ улсаас гадна вакцин үйлдвэрлэгч “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna” компаниудтай нууцлалын гэрээ байгуулж ажиллаж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ-ын вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаагаа онцлов.
Мөн тэрбээр, -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тунг, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 357 мянган тунг, 2-8 градуст хадгалах “AstraZeneca” вакцинаас 2 сая 516 мянган тунг хүлээн авах, хадгалах боломжтой гэв.
Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын 60 хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэхээр болжээ.
Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ. Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байна.