CRI Монгол радио

Жо Байден Ерөнхийлөгч болсныхоо дараа анх удаа Путин руу залгажээ

Нийтэлсэн

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараа анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин руу залгажээ. Тэрбээр Алексей Навальныйг баривчилсанд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тэдний ярилцлагын талаар Цагаан ордон болон Кремлийн ордноос хоёр ялгаатай мэдэгдэл гаргажээ.

Цагаан ордны хувилбар

Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярихдаа 2020 оны Америкийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон тухай болон кибер халдлага, Навальныйг баривчилсан талаар хэлсэн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки мэдээлсэн байна.

Байден Навальныйн хордсон явдалд санаа зовниж буйгаа Путинд илэрхийлж, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украиныг АНУ дэмжиж буй талаар Путинд хэлжээ. Мөн Стратегийн зэвсгийг хорогдуулах /START/ гэрээг таван жилээр сунгахад бэлэн байгаа эсэхээ хэлэлцэх, Украины хараат бус байдлыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн талаар Псаки мэдээлсэн байна.

2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээний хугацаа дуусна. Ерөнхийлөгч энэ гэрээний хугацааг сунгах хүсэлтэй байгаа талаар өмнө нь Байдены засаг захиргаа хэлж байв.

“Бид START гэрээг шинэчлэн байгуулах ажлын хүрээнд хоёр орны нийтлэг ашиг сонирхлын дагуу ажиллана. Ингэхдээ Навальныйн асуудал болон SolarWinds компани руу хакер халдлага үйлдсэн явдал, мөн Афганистанд америкчуудын толгойг авчирсан хүнд шагнал өгөх тухай мэдээллүүд гарсан гээд Оросын талаас гаргаж байгаа үйлдэлд маш их санаа зовж байгаагаа ойлгуулж чадна гэж бодож байна. Эдгээр асуудал тус бүрийг нарийвчлан судалж, нөхцөл байдал ямар байгааг надад хэлж өгөхийг холбогдох албанаас хүссэн. Мөн энэ асуудлын талаар оросуудад хүргэх болно” гэж Байден хэлсэн гэв.

Кремлийн ордны хувилбар

Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд Навальныйн талаар огт дурдаагүй байна. Владимир Путин Жозеф Байденд АНУ-ын Ерөнхийлөгч болсонд баяр хүргэжээ. Тэрбээр Орос, АНУ-ын хоорондын харилцааг хэвийн болгох нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэж, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах онцгой үүрэг хариуцлагыг харгалзан олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэг болно гэж тэмдэглэв.

Үүнээс гадна Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээг сунгах асуудлаар тохиролцоонд хүрэх тухай  ноот бичгийг Орос, АНУ хоёр мягмар гарагт солилцсон бөгөөд Путин, Байден нар утсаар ярихдаа энэ асуудалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн талаар  Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Энэ мэдэгдлээс харахад Москва, Вашингтон нар гэрээг сунгахын тулд шаардлагатай бүх үйл явцыг ойрын өдрүүдэд хийж гүйцэтгэх аж. Путин START-3-ийн хугацааг сунгах гэрээг соёрхон батлуулахаар Төрийн Думд өргөн барьсан байна.

Ерөнхийлөгч Путин, Байден нар мөн АНУ-ын “Нээлттэй Тэнгэр” гэрээнээс гарах тухай болон “Ираны цөмийн хөтөлбөрийн хамтарсан үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг хадгалах асуудал”-ын талаар мөн хөндсөн талаар Кремлиэс мэдээлжээ.

Хоёр Ерөнхийлөгч Украины талаар ч ярьсныг Кремль баталж, “Украины дотоод зохицуулалт” гэж мэдэгдэлдээ бичсэн байна. “ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын яриа нь бүхэлдээ ажил хэрэгч, илэн далангүй шинж чанартай болсон” гэж Кремль дүгнэжээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version