Нийгэм
Ховдод ирсэн халдвартай хоёр хүнийг бусад 39 хүний хамтаар УБ руу онгоцоор татна
Ховд аймагт очсон хоёр хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Өнөө өглөө ирсэн иргэдээс хоёр хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. Бүсийн оношилгооны төв дээр PCR шинжилгээ хийхэд хариу мөн эерэг гарч батлагдлаа. Тэдний биеийн байдал одоогоор хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг алга. Халдвартай хоёр иргэн болон нэгнийх нь төрсөн дүүг нь тусгаарлах байранд тусгаарлаж хамт ирсэн бусад 38 хүнийг Дарви суманд тусад нь тусгаарлалаа. УОК-ын гишүүдтэй зөвшилцөн тэдгээр 41 иргэнийг өнөөдөр /01.27/ тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу шилжүүлэн тусгаарлаж, халдвартай хүмүүст эмчилгээг хийнэ. Бид аймаг руу гаднаас орж ирж байгаа бүх хүнд шинжилгээг хийж байна.
Нийслэлд байгаа оюутнууд хоол хүнсгүй хэцүүдэж, нутаг буцах шаардлагатай байна гэсний дагуу мөн Улаанбаатарт эмчилгээ хийлгэж байсан өвчтэй хүмүүс айлуудаар хоноглож хүнд хэцүү нөхцөлд байна гэсний дагуу Ховд аймгийн иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлсэн.
Нутаг буцах хүсэлтэй нийт 745 иргэнийг нэгдүгээр сарын 19-23-ныг хүртэл бүртгэсэн. Тиймээс эхний ээлжийн 320 хүний шинжилгээг нэгдүгээр сарын 23-нд хийхэд бүгд сөрөг гарсан. Татан авах ажиллагааг 25-нд буюу энэ даваа гарагт эхлүүлсэн юм” гэлээ.
Ховд аймгийн бүсийн оношилгооны төвд нэгдүгээр сарын 19-нөөс хойш 868 хүнд PCR шинжилгээг хийхэд бүгд сөрөг гарсан ч ийнхүү хоёр иргэний хариу эерэг гарчээ.
Улаанбаатар хотод ковид-19 цар тахлын шинэ голомт хэд хэдэн газар бүртгэгдэж, нөхцөл байдал хүндрэх магадлал үүсээд байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссоос иргэдээ татах хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 27-ны 00:00 цагаас эхлэн зогсоогоод байна.