Дэлхий

AstraZeneca вакциныг өндөр настнуудад хийхгүй байж болзошгүйг Европын Холбооны удирдлага мэдэгджээ

Нийтэлсэн

Британи-Шведийн AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг зөвхөн залуу хүмүүсийн дархлаажуулалтад хэрэглэж болзошгүйг Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллага мэдэгджээ.

Учир нь уг вакцины туршилтад хангалттай тооны 65-аас дээш насныхныг оролцуулаагүй тул ингэх шаардлага гарч магадгүйг хэлсэн байна.

Европын Эрүүл Мэндийн Агентлаг (EMA) тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг энэ долоо хоногт багтааж гаргахаар ажиллаж байгаа юм.

Өчигдөр EMA байгууллагын гүйцэтгэх захирал Эмер Күүк зөвшөөрөл олгохоос өмнө AstraZeneca компанийн вакциныг нас насны бүлгийн хүмүүст туршсан талаар тоо баримтыг нягтлан шалгаж байгаагаа Европын парламентад мэдээлжээ.

AstraZeneca компанийн гүйцэтгэх захирал Паскаль Сориот өчигдөр La Republica сонинд ярихдаа вакциных нь үр дүн өндөр настнуудад ямар байсан талаар хангалттай мэдээлэл байхгүйг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэхдээ тэр туршилтын үеэр вакцин нь залуу хүмүүсийн нэгэн адил өндөр настнуудад ч хүчтэй дархлаа тогтоож байсныг батлан ярьжээ. Хэрвээ зарим улс орон болгоомжилж байгаа бол эхний ээлжинд залуу насны хүмүүсийн дархлаажуулалтад вакциныг нь ашиглах боломжтойг тэр бас хэлсэн байна.

“Бүх хүнд хүрэлцэхүйц хэмжээний вакцин байхгүй байгаа энэ үед ингэхэд асуудалгүй. Хүсвэл өндөр настнуудад өөр үйлдвэрийн вакцин хэрэглэж, залуучуудад манай вакциныг хэрэглэж болно гэж би бодож байна. Ямар ч асуудал алга” гэж Сориот ярьжээ.

AstraZeneca компанийн вакциныг 65-aас дээш насныханд туршсан үр дүн 8 хувьтай гарсан тухай Германы нэгэн сонинд өмнө нь мэдээлсэн юм. Компанийн зүгээс энэхүү мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцааж, Их Британийн засгийн газрын зөвшөөрөл олгохдоо үндэслэсэн туршилтын үр дүнг бодитой мэдээлэл гэж мэдэгдсэн байна.

Герман улсын эрүүл мэндийн яам нийт туршилтад оролцсон хүмүүсийн 8 хувь нь өндөр настнууд байсантай андуурч мэдээлсэн байж болзошгүйг анхааруулжээ.

“AstraZeneca компанийн вакцины туршилтад оролцогсдын 8 орчим хувь нь 56-69 насныхан, 3-4 орчим хувь нь 70-аас дээш насныхан байсан. Энэ нь өндөр настнуудад вакцины үйлчилгээ 8 хувьтай байсан гэсэн үг биш юм” гэж яамны мэдэгдэлд залруулсан байна.

Гэхдээ Германы засгийн газар уг вакцины туршилтад хангалттай тооны ахмад настнуудыг оролцуулаагүйд санаа зовж буйгаа бас илэрхийлжээ.

AstraZeneca компани өөрөө туршилтад оролцсон хүмүүсийн 10 хувь нь 65-аас дээш насныхан байсныг мэдэгдэж байгаа.

“Манай вакцин өндөр настнуудад 100 хувийн дархлаа тогтоож байсныг арваннэгдүгээр сард Lancet сэтгүүлд нийтлүүлсэн вакцины туршилтын үр дүнд тодорхой мэдээлсэн байгаа” гэж тус компанийн төлөөлөгч мэдэгджээ.

Одоогоор AstraZeneca компанийн вакцинд Их Британийн засгийн газар зөвшөөрөл олгоод хэрэглэж байна. АНУ-ын засгийн газар тус улсад одоо явагдаж байгаа 30,000 хүн оролцсон туршилтын үр дүнг гарсны дараа зөвшөөрөл олгох эсэхээ шийдэхээр хүлээж байна.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version