Улс төр
С.Ганбаатарын өлсгөлөнгөөс илүү Х.Нямбаатарын үг л анхаарал татлаа
“Босоо” хэмээх хочтой УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төв талбайд өлсгөлөн зарлалаа. Ингэхдээ Оюутолгойн гэрээг цуцлах ёстой гэсэн шаардлага тавиад байгаа юм. Хөрөнгө оруулагч талаа хөөлөө гэхэд болохгүй юм уг нь байхгүй. Гадаадын хууль шүүх, арбитрын асуудалд орох ч яахав. Түүнээс үүдэн нэг хэсэгтээ олон арван мянган монголчуудын амьдрал, ашиг орлого сүйрэх, валютын хомсдол үүсэх нь гайгүй гэж бодъё. Эцсийн дүнд өнөө Хятадын хөрөнгө оруулагчид л Оюутолгойн эзэн суух болно шүү дээ. Нэг талаасаа гуравдагч орны хөрөнгө оруулалт тусгаар тогтнолын ч баталгаа болж байдаг учиртай. Эдийн засаг гадарладаг нь бүү хэл энгийн хэн ч байсан одоо ийм юмыг ойлгоно. Гэтэл С.Ганбаатар фэнгшү ярьж, үйлдвэрчний эвлэлээр явж, өчнөөн жил зовсон монголчуудын итгэмтгий зан дээр тоглож ирсэн жишгээрээ л яваад байна. Харин Оюутолгойн гэрээг сайжруулах нь зөв шүү. Засгийн газар ч энэ зүгт анхаарлаа хандуулаад эхэлчихжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго нарын үг бол Монгол Улсын төр зөв зүгт харж байгааг нотолж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахаас гадна Дубайн гэрээг цуцалж, татвараа бүрэн авах асуудлыг хэлж байна лээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлыг хэсэг “Рио Тинто” компанийнхантай хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ үеэр Монголын Засгийн газар анх удаагаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьсан. Үүнд, нэгдүгээрт 2015 онд зурагдсан “Дубайн гэрээ”-г бүрмөсөн цуцлах шаардлагыг тавьсан. Хоёрдугаарт 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилье гэсэн. Өөрөөр хэлбэл, бид энэ гэрээг сайжруулна гэж олон жил ярьсан. Одоо бүрэн өөрчлөх цаг болсон гэдгийг хэлсэн. Тэгээд 2021 оны нэгдүгээр сарын 18-нд ажлын хэсэг хөрөнгө оруулагчийн талтай цахим уулзалтыг хийж, дээрх шаадлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн цуцлах хүртэлх дараагийн шатны арга хэмжээнд орохоо илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид нэлээд цочирдсон байр суурьтай байгаа. Өмнөх Засгийн газруудын асуудал бол “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээ байсан. Тэгэхээр энэ асуудалд бид тантай хамтарч, тэмцэл зохион байгуулж, ард түмэнд ашигтай байх тал дээр хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлүүлж байна. Шинэ Ерөнхий сайд хараахан томилогдоогүй байгаа учраас ирж, таны тавьж байгаа шаардлагыг авах боломжгүй байгаагаа илэрхийлсэн.
Засгийн газар “Оюутолгой” төслийн үйл ажиллагаатай холбогдуулж, 2018 онд одоогийн ханшаар 350 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт нэмж төлбөр төлөх ёстой гэсэн. Өнгөрөгч 2019, 2020 онуудад энэ зөрчил давтагдсан. Сая 2020 оны арванхоёрдугаар сард “Оюутолгой” талд нэмж, 650 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Нийтдээ нэг их наяд төгрөгийн татварын акт тавьсан. “Оюутолгой” төслийн тал энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр арбитрын шүүхэд хандаад байгаа. Энэ шүүхийн хэрэг маргаантай холбоотойгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний дотор арбетрын шүүхэд тайлбар өгөх ёстой. Хоёрдугаарт, “Дубайн гэрээ”-г бүхэлд нь цуцалъя. Гуравдугаарт, 2009 онд анх байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээг засан сайжруулах бус нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг тавьж байгаа. Тиймээс Засгийн газрын ажлын хэсэгт гишүүнээр орж, ажиллахыг хүсч байна.
Бид өчигдөр “Оюутолгой” төслийн 2029 он хүртэлх санхүүгийн заварчлалыг хүлээж авсан. Уг загварчлалд 2023 оны нэгдүгээр сараас эхэлж далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор бүтээн байгуулалтын орлого өсөн нэмэгдсээр байгаад 2029 он гэхэд “Оюутолгой” төсөл нийтдээ 29 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр байгаа. Үүний 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулж, 19 тэрбум ам.долларыг зээлийн эргэн төлөлт, бусад хөрөнгө оруулалтаа нөхнө гэдэг хүлээлттэй байсан чинь уг санхүүгийн загварчлал 19 тэрбум ам.доллараас 12 тэрбум ам.долларыг нь элэгдэл хорогдолд тооцно гэдэг муу мэдээллийг өгсөн. Цаана нь 6.3 тэрбум ам.доллар үлдэж, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхөд дахин гурван тэрбум ам.доллар зээлж төлөхөөр байдалтай байна. Тиймээс бид “Энэ том төсөл Монгол Улсад ашиггүй” гэж санал нэгдсэн. Шууд цэрэг цагдаа хөдөлгөөнд энэ төслийг зогсоох нь олон улсын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ зөрчинө. Тийм учраас Засгийн газрын ажлын хэсэг хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох ажлыг хийж байна. Хөндлөнгийн шинжээчид удахгүй дүгнэлтээ гаргамагц олон улсын гэрээнд нийцүүлж, гэрээг бүхэлд нь өөрчлөх шат дараатай арга хэмжээг авна. Тэгэхгүй бол Засгийн газар санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн. Таныг ажлын хэсэгт орж, олон улсын гэрээнд нийцүүлэх замаар санал бодлоо илэрхийлэхийг хүсч байна” гэжээ. Энэ бол Засгийн газар тун ухаалаг алсын хараатай байгааг нотолж байгаа хэрэг. Тийм ч болохоор С.Ганбаатарын өлсгөлөнгөөс илүү Х.Нямбаатарын үг л чухал байлаа гэсэн дүгнэлтийг олон хүн хийж байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН