CRI Монгол радио

20 долларын дэвсгэртийн нүүрийг африк-америк гаралтай эмэгтэйн зургаар солино

Нийтэлсэн

Жо Байдены засаг захиргаа 20 долларын дэвсгэртийн нүүрийг боолчлолын эсрэг тэмцэгч Харриет Табманы зургаар солих ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки даваа гарагт болсон хэвлэлийн хурлаар мэдээлсэн байна.

Ингэснээр Харриет Табман Америкийн мөнгөн дэвсгэртийн нүүрэн дээр зураг нь тавигдсан анхны өнгөт арьст эмэгтэй хүн болох аж.

Хамгийн сүүлд 1890-ээд онд нэг долларын дэвсгэртийн нүүрэнд тэргүүн хатагтай асан Марта Вашингтоны зургийг, харин 1860-аад онд 20 долларын дэвсгэртийн нүүрэнд Индиан гүнж Покахонтасын зургийг тавьж байжээ.

Сангийн яамнаас “Боолын эзэн асан Ерөнхийлөгч Эндрю Жексоны зургийг 1820-иод оны үед боолчлолын нийгэмд төрж,  зуу зуун боолд зугтахад нь тусалж байсан Харриет Табманы зургаар солих болно” гэж мэдэгдсэн байна.

Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки “Манай мөнгөн дэвсгэртүүд улсын түүх соёлыг тусгасан байх нь чухал. 20 долларыг чимэх Харриет Табманы  зураг яах аргагүй үүнийг илэрхийлэх болно. Тиймээс бид энэ ажлыг түргэвчлүүлэх арга замыг судалж байна” гэжээ.

20 долларын дэвсгэртийн нүүрийг Харриет Табманы зургаар солино гэж 2016 онд Барак Обамагийн засаг захиргаа зарлаж байсан ч Трамп Ерөнхийлөгч болсны дараа “Эндрю Жексон гайхалтай түүхтэй хүн. Мөнгөн дэвсгэрт дэх хэн нэгний зургийг солино гэдэг бүдүүлэг явдал” хэмээж байв.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version