Энтертайнмент

Хамтдаа алба хааж буй ихэр цэрэг

Нийтэлсэн

Эр цэргийн албаа зориод очсон ихэр хөвгүүний талаар өгүүлэх гэж байна. Хорвоод хосоороо ирсэн хөвгүүд өдгөө Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлж байгааг тэдний хайртай бүхэнд хамгийн түрүүнд дуулгахдаа таатай байна.

Зэвсэгт хүчинд ихэр хөвгүүн жил бүр л татагдан очдог бөгөөд тэдний дундаас нийтлэлийн баатар байлдагч А.Хүрэлмөнх, А.Хүрэл-Эрдэнэ нарын хувьд талархан угтах, хайрлан сургах ёстой ихэр дайчид. Асрамжийн газраас цэргийн албанд ирсэн ихрүүд тийм нэгэн инээмсэглэл дүүрэн, эерэг хандлага түгээсэн, баяр, талархлыг харамгүй илэрхийлдэг ах дүү хоёр ажээ.

Байлдагч А.Хүрэлмөнх ах, А.Хүрэл-Эрдэнэ дүү нь. Цэргийн албанд ирэх санаачилгыг дүү нь гаргасан бөгөөд түүний хувьд Зэвсэгт хүчин гэдэг хүсэл мөрөөдлийнх нь орчин гэнэ. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 18 нас хүрээд өрлөг аав, ээждээ хугацаат цэргийн алба хаах талаараа хэлэхэд тэд ч дуртайяа хүлээн авсан гэнэ. Өрлөг гэж онцолсны учир ихэр хөвгүүд Дархан-Уул аймгийн “СОС” хүүхдийн асрамжийн газарт 9 настайгаасаа эхлэн өсөж торнисон байна. Анх Оюунтуяа гэдэг бүсгүй хариуцан өсгөж хүмүүжүүлсэн бол 13 наснаас нь өрлөг аав, ээж болох Ч.Нямдаваа, Г.Ганцацрал нар хариуцан өсгөж яваа юм байна.

“Цэргийн албанд ирээд сэтгэгдэл ямар байна вэ?” гэсэн асуултад А.Хүрэлмөнх “Үнэхээр сайхан. Бидний төсөөлж байснаас ч гоё. Өглөө босоод Төрийн далбаагаа мандуулах, орой амрахын өмнө оройн тоо хийх нь би цэрэг хүн гэдэг бахархлыг мэдэрдэг сайхан агшнуудын нэг. Нуулгүй хэлэхэд цэрэгт ирэхдээ дүүгээ л гэж бодож ирсэн. Дүү маань бага байхын нь цэргийн хүн болно гэж мөрөөдөж, 18 нас хүрэхийг тэсэн ядан хүлээж байсан болохоор түүнээсээ өөрийгөө хол байна гэхэд төсөөлөгдөөгүй. Харин өнөөдөр дүү цэргийн албанд дурласнаар ирсэнд нь баярлалаа гэж хэлэх ч багадна” гэлээ. Тэдний ойрын төлөвлөгөө төмөр замын бүтээн байгуулалтад оролцож үзэх бөгөөд энэ чиглэлээр суралцаж яваа оюутнууд учир ихээхэн дадлага болно гэж байна. А.Хүрэлмөнх аймгийнхаа МСҮТ-д барилгын өрөг угсрагч, А.Хүрэл-Эрдэнэ авто засварчин мэргэжлээр суралцаж байгаа, 2,5 жилийн дараа төгсөх ажээ.

Залуустай тэдний хүсэл мөрөөдлийнх нь талаар ч хөөрөлдлөө. Байлдагч А.Хүрэл-Эрдэнэ цэргийн албанд цэргийн гэрээт алба хаагчаар улирч ажиллах хүсэл мөрөөдөлтэй. Гэхдээ энэ мөрөөдөл нь бүтэхээргүй бол сургуулиа төгсөөд “Авто засварын төв” байгуулах гэнэ. Харин нөгөө ихрийн тухайд ажил мэргэжилтэй сайн хүн болж, өөрсдийг нь өсгөж хүмүүжүүлсэн хүмүүст тус дэмтэй явах гэнэ. Энд нэгэн зүйлийг тодотгоход тэд хайртай ээжтэйгээ хамтдаа амьдрах нь туйлын хүсэл. Ээжийг нь Алтаннавч гэдэг, цэрэг татлагын үеэр Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хуваарилагдахаас нь өмнөхөн хоёр хүүгээ эргэж ирсэн байна. Тэд эхээс тавуулаа. Дээрээ хоёр ах, нэг эгчтэй. Харамсалтай нь нэг ах нь зуурдаар бурхан болсон, уг нь хоёр дүү дээрээ асрамжийн газар гүйгээд л ирдэг байсан гэнэ. Амьдралын зарим нэг шалтгаанаар асрамжийн газар өссөндөө огтхон ч харамсдаггүй, бас хэнд ч гомддоггүй, харин ч биднийг зөв сайхан хүмүүжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн хайртай бүхэндээ баярлаж явдаг, элэг бүтэн сайхан амьдралыг мөрөөддөг гэсэн нь бид гурвыг (сурвалжлагч) нулимстай ярилцлагад “хүргэв”. Ихрүүдийн хамгийн их талархал дэвшүүлж байсан хүн нь мэдээж өрлөг аав, ээж бас асрамжийн газрынх ах, эгч нар нь байв. Халагдаж очоод тэдэндээ цэргийн хүний ёсоор илтгэнэ, ээждээ ч бас цэргийн хувцастайгаа очиж, үнэсүүлнэ, сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж төгсөнө, боломж тохиовол цэргийн гэрээт алба хаагч болж улирна гээд цээжнийхээ гүнд бичээстэй олон сайхан төлөвлөгөө, мөрөөдлийнхөө талаар хуучиллаа. Нийгмийн хамгааллынхаа талаар ч төлөвлөсөн зүйл олон байна. 18 нас хүртэл нь асрамжийн газраас нь “Хүүхдийн мөнгө”-ийг нь хадгаламжид нь хуримтлуулан хадгалсан ба энэ нь 20 гаруй сая төгрөг болж. Энэ мөнгөөрөө хашаа байшин худалдан авч, хайртай ээжтэйгээ элэг бүтэн амьдарч, ачлах нь тэдний ойрын төлөвлөгөө нь. Цэргийн албаны талаар ч мөн адил бахархал, омогшил дүүрэн өгүүлэх. “Бид хоёрыг өөр өөр ротод хамааруулсан нь цэргийн дарга нарын маань биеэ даалгах нэгэн бодлого, энэ ч нь зөв байсан. Бид одоо тус тусдаа найз нөхөдтэй болж, нөхөрлөлийн хүрээ өргөн болсон. Ангийн захирагчаасаа эхлээд ротын захирагч, салааны захирагч хүртлээ бид хоёрт яг л аав шиг, ах шиг минь ханддаг” гээд манай онжавууд атгасан гар шиг сайхан орчин болж бүрдсэн гэлээ. Ярилцлагынхаа төгсгөлд цэргийн албанд ирснээрээ өөрсдийгөө хэрхэн өөрчилсөн талаар дурдаад хайртай ээж, ах, эгч болон өрлөг аав, ээж, асрамжийн газрынхаа бусад ах, эгч, найз нөхдөдөө удахгүй болох гэж байгаа сар шинийн баярын мэндийг дамжуулж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм. Тэр дундаа өрлөг аав, ээждээ бид өртэй гэсэн нь юу юунаас илүү тод сонсогдлоо.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Exit mobile version