Нийгэм
Дархан-Уул аймагт хүнс тээвэрлэж байсан жолоочийн хавьтлуудыг илрүүлэх тандалт шинжилгээ хийгдэж байна
Улаанбаатар болон Дархан-Уул аймгийн хооронд хүнс тээвэрлэдэг байсан жолоочоос коронавирус илэрсэнтэй холбоотойгоор тус аймагт хавьтлуудыг илрүүлэх тандалт, шинжилгээг хийж байна.
Тодруулбал, тухайн иргэн энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийлгэсэн бөгөөд 27-нд Дархан-Уул аймгийн хяналтын пост дээр дахин шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагдсан байна.
Халдвар авсан нь ийнхүү батлагдахаас өмнө буюу энэ сарын 25-нд Дархан-Уул аймагт очсон учраас хавьтлуудыг илрүүлэх шинжилгээ хийж буй аж.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Өчигдөр Дархан-Уул аймгаас батлагдсан тохиолдол тээвэрлэгдэн ирсэн. Тухайн иргэн Дархан-Уул – Улаанбаатар чиглэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг.
Тэрбээр өмнө нь буюу энэ сарын 20, 25-ны өдрүүдэд Дархан-Уулд очиж байсан учраас тус аймагт хавьтлуудын өргөжүүлсэн тандалт судалгааны ажил хийгдэж байна.
Одоогоор нийт 838 хүнээс шинжилгээ аваад байгаа бөгөөд бүх шинжилгээнд коронавирус илрээгүй байгаа” гэсэн юм.
Мөн тэрбээр, Улаанбаатар хотод орон сууцны орц, үйлчилгээний газруудад халдвар голомтлон гарч байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байж эрүүл мэндийн байгууллагаас өгч буй байнгын зөвлөмжийг хэрэгжүүлж, халдвараар сэргийлэхийг анхааруулав.