CRI Монгол радио

Брюссель, Будапешт, Вена хотуудад хөл хориог цуцлахыг шаардсан жагсаал зохион байгуулагджээ

Нийтэлсэн

Коронавирусийн цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионы дэглэмийг цуцлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалууд Унгар, Австри, Бельгийн нийслэлүүдэд өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрлөө.

Бельгийн нийслэл Брюссель хотод Ням гарагт хууль бус жагсаал цуглаанд оролцсон 200 гаруй хүнийг баривчилжээ.

Хүн амын тоотой нь харьцуулахад хамгийн олон иргэнээ Covid-19 өвчнөөр алдсан улсуудын нэгд Бельги багтаж байгаа. Тус улсад өнгөрсөн аравдугаар сараас эхлэн хатуу хөл хорионы дэглэм тогтоосны хүчинд сүүлийн үед вирусийн тархалт буурч, эмнэлгүүдийн ачаалал багассан юм.

Гэхдээ иргэд нь гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хилийн дээс алхах боломжгүй, онц шаардлагагүй зорилгоор дотооддоо зорчих хориотой байгаа.

Өчигдөр бас Австрийн нийслэл Вена хотод 5,000 орчим хүн хөл хорионы дэглэмийг цуцлахыг шаардан жагсжээ.

Жагсаалыг тус улсын нео нацист бүлэглэлүүд ашиглаж, үймээн самуун дэгдээхийг оролдсон тул цагдаа нар зарим жагсагчдыг баривчилсан байна.

Өчигдөр бас Унгарын нийслэл Будапешт хотод тус улсын нийтийн хоолны салбарынхан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Арваннэгдүгээр сарын 11-нээс хойш хэрэгжиж буй хөл хорионы дэглэмийн улмаас ресторан, кафенууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг болсон юм.

Тэд засгийн газрыг дэглэмээ сулруулахгүй бол Даваа гарагаас эхлэн үйл ажиллагаагаа хууль бусаар нээхийг мэдэгдсэн байна.

Унгарын засгийн газар хүн амынхаа ихэнх хэсгийг вакцинжуулсны дараа хөл хорионы дэглэмийг цуцлах байр суурьтай байгаа юм.

Бямба гарагийн үдэш Польшийн Рыбник, Вроцлав хотуудад хөл хорионы дэглэмийг зөрчиж үйл ажиллагаагаа нээсэн диско клубүүдэд цугларсан хүмүүсийг цагдаа нар хүчээр тараажээ.

Тухайлбал Рыбник хотын Face2Face шөнийн клубт болсон ажиллагаанд 150 орчим цагдаа оролцож, гурван хүнийг баривчилсан байна. Энэ үеэр үйлчлүүлэгчид эсэргүүцэл үзүүлсний улмаас цагдаагийн хоёр ажилтан бэртжээ.

38 сая хүн амтай Польш улсад цар тахал эхэлсэн цагаас хойш коронавирусийн халдварын 1.5 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 37,000 гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version