Энтертайнмент
Монголын хөлбөмбөгчин Г.Ганбаярыг 100.000 еврогоор үнэлжээ
Transfermarkt.com сайтаас Ази хөлбөмбөгчдийн зах зээл дээрх үнийг шинэчлэн гаргажээ.
Энэхүү жагсаалтад Унгарын “Пушкаш” академид суралцаж, мэргэжлийн тоглогчийн гэрээ байгуулсан Ганболдын Ганбаяр багтлаа. Түүний зах зээлийн үнэлгээг 100.000 евро буюу 350.000 орчим сая төгрөгөөр тогтоожээ.
Монголын Хөлбөмбөгийн холбоо болон “Пушкаш” академийн хамтын ажиллагаа болон хувь тамирчны нөр их хичээл зүтгэлийн үр дүн ийнхүү дэлхийн тавцанд үнэлэгдэж эхэллээ.
Монголын хөлбөмбөгийн ертөнцөөс олон улсад үнэлэгдсэн анхны тоглогч нь Үндэсний шигшээ багийн ахлагчаар тоглож байсан, өдгөө “Атлетик 220” багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Б.Гарьдмагнай бөгөөд түүний зах зээлийн үнэлгээ 25.000 евро буюу 87 орчим сая төгрөгөөр 2009 онд үнэлэгдэж байсан юм.
Дашрамд дуулгахад, Монголоос “Пушкаш” академид одоогоор “Дэрэн” клубийн тамирчин Г.Дөлгөөн, “Би Си Эйч Лионс” клубийн тамирчин Х.Чингүүн нар суралцаж байгаа билээ.