CRI Монгол радио
Цэргийн эргэлт гарсны дараа АНУ-ын засаг захиргаа Мьянмарын эсрэг хориг арга хэмжээ авахаар сүрдүүлэв
Даваа гарагийн шөнө Аун Сан Сү Чи тэргүүтэй Мьянмарын эрх баригч намын улс төрчдийг цэргийнхэн баривчилж хорьсон тухай мэдээлэл ирсэн билээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр нийт 45 хүнийг баривчилсны дотор тус улсын ерөнхийлөгч Вин Мьин багтжээ.
Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болсон парламентын сонгуульд Аун Сан Сү Чигийн Ардчиллын Төлөө Үндэсний Лиг нам 83 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Гэвч Мьянмарын армийнхны оролцоотой сөрөг хүчин уг сонгуулийг будилаантай болсон гэж үзээд үр дүнг нь хүлээн зөвшөөрөөгүй юм.
Армийг удирдаж байгаа генерал Мин Аун Хлайн нэг жилийн хугацаатай цэргийн дэглэм тогтоосны дараа шударга сонгууль зохион байгуулж, ялсан намд нь эрх мэдлийг шилжүүлэхээ амласан байна.
Өнгөрсөн шөнө нийслэл Нэйпьидо болон эдийн засгийн төв Янгон хотуудын гудамж талбайд буутай цэргүүд хяналтаа тогтоож, гар утас, интернэтийн холболт тасалджээ.
Сошиал сүлжээнд мьянмарчууд цэргийн эргэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байна. Фэйсбүүк сүлжээнд л гэхэд #SaveMyanmar хаштагийг 334,000 гарүй хүн хэрэглэж, зарим нь нүүр зургаа гашуудлын хар өнгөөр, эсвэл Аун Сан Сү Чигийн зургаар сольжээ.
Янгон хотын иргэд хүнсний бараа нөөцөлж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Бэлэн мөнгөний эрэлт нэмэгдсэн тул Даваа гарагт банкууд ажиллаагүй гэнэ.
Япон, Өмнөд Солонгос, Норвеги зэрэг улсын хөрөнгө оруулагчид Мьянмарт байгаа ажилчидтайгаа холбоо барьж, болзошгүй үймээн самууны үеэр өмч хөрөнгөө хэрхэн хамгаалах талаар судалж эхэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Мьянмарт гарсан цэргийн эргэлт нь тус улсыг ардчилсан нийгэмд шилжих үйл явцын эсрэг үйлдэл болохыг анхааруулжээ.
“Ардчилсан нийгэмд шилжихэд ахиц дэвшил гаргасантай холбоотойгоор Бирмд оноосон хоригоо АНУ сүүлийн арав гаруй жилийн турш цуцлаад байгаа. Хэрвээ ардчилсан шилжилтийн үйл явцаас ухарвал бид хоригоо буцаан сэргээх арга хэмжээг авах болно” гэж Байден мэдэгдсэн юм.
НҮБ болон Их Британи, Европын Холбоо, Энэтхэг, Япон улсууд мөн баривчлагдсан улс төрчдийг суллаж, ардчилсан дэг журмыг сэргээхийг Мьянмарын цэргийн эрхтнүүдэд уриалсан байна.
Мьянмарын арми өчигдөр тус улсын засгийн газрын 24 сайдыг огцруулж, оронд нь 11 үүрэг гүйцэтгэгчийг томилжээ.
Одоо 75 настай Аун Сан Сү Чи нь 15 жилийн хугацаанд гэрийн хорионд байсны эцэст 2010 онд суллагдаж байв. Түүний байгуулсан нам 2015 оны сонгуульд ялснаар Мьянмарт 1962 оноос хойш тогтсон цэргийн дэглэм эрх мэдлийг иргэний засгийн газарт шилжүүлж байжээ.
Эх сурвалж: Reuters