Шүүх

МХЕГ-ын газрын дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Нийтэлсэн

Оймсондоо авлигын мөнгөө нуусан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар өчигдөр хэлэлцэв. Хурлын эцэст Н.Баярсайханаас гадна таван хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Хурлын төгсгөлд Дээд шүүхийн даргалагч шүүх Б.Цогт “Шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолыг үндэслэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 908 дугаар шийдвэрийг тус тус хяналаа.  Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу юм байна гэж үзэж байна. Ингээд магадлалд дараах өөрчлөлтийг орууллаа.

  1. Давж заалдах шатны шүүхийн магадлан илгээгдэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгох: энэ нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох заалт байсан
  2. Зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг тусгаарласан заалтыг мөн хүчингүй болгож байна
  3. Шүүгдэгч Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан, О.Баттөр нарт холбогдох хэргийн эрүүгийн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг бүхэлд нь хүчингүй болгож нэр бүхий зургаан хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, бусад шүүгчдэгч нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж байна” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан, О.Баттөр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Харин бусад 19 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа юм.

Анхан шатны шүүхийн өмнөх шийдвэрээр Н.Баярсайханыг 40 сая төгрөгөөр торгох ял шийтгээд байсныг давж заалдах шатанд “ял хөнгөн байна” гэж буцаагаад байсан юм.

Уг хэрэг нь

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 908 дугаар магадлалтай, Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, О.Баттөр, Э.Онон, М.Нарангэрэл, Ж.Тэгвандан, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Н.Маржангүл, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Саруул, Н.Гантулга, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, М.Цагаанбаатар, Д.Хандсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Зандансүрэн, Г.Даваасүрэн, Э.Оргил, Т.Чингиз, Л.Төмөрбаатар нарт холбогдох 36 хавтас хэргийг шүүгдэгч Н.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүгдэгч Н.Маржангүлийн өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа, шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Н.Баярсайханы өмгөөлөгч О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцлээ. Нийт 13 өмгөөлөгч шүүх хуралд оролцов.

Сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад их хэмжээний мөнгө хураан авч байгаа бичлэгийг олон нийтэд ил болгосон.

Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань бэлнээр олдсон. Эдгээрийг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон юм.

Exit mobile version