Нийгэм
Сөүл рүү тусгай үүргийн НЭМЭЛТ НИСЛЭГ хийхээр боллоо
Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын дарга бөгөөд Шадар сайд С.Амарсайханы шийдвэрээр БНСУ-ын Сөүл хот руу 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тусгай үүргийн нэмэлт нэг удаагийн нислэг хийхээр шийдвэрлэлээ.
Уг нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 гаруй иргэнийг татан авах аж. Хоёрдугаар сард нийт 5 удаагийн нислэгээр гадаадаас 1070 орчим иргэнийг эх оронд нь ирүүлэх юм.
ГХЯ-ны зүгээс цаашид тусгай үүргийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, тогтмол нислэгийн хуваарийг сар, улирлаар гаргах төлөвлөгөөний төслийг боловсруулж байгаа юм байна.
2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст нийт 4,932 иргэн эх орондоо буцахаар өргөдөл гаргасан байна. Эдгээр иргэдийн:
51 буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
365 буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
58 буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
88 буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
6 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
4,364 буюу 88.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн эзэлж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.