Боловсрол

Б.Төрмөнх: Хүүхдийг номонд дуртай болгохын тулд есөн сартайгаас нь эхлээд номтой нөхөрлүүл

Нийтэлсэн

-Уламжлал гэдэг  өдөр тутамдаа хэрэглэх  ёстой соёл болохоос авдарт хадгалдаг эд биш-

 

“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын зураач Б.Төрмөнхтэй ярилцлаа. Тэрээр Азийн Соёлын төвөөс жил бүр эрхлэн гаргадаг Азийн орнуудын түүх соёлыг танилцуулах зурагт ном цувралын шалгаруулалтад тэнцэж Монголын уламжлал, түүх соёлыг илтгэсэн зурагт номыг бүтээгээд байна. Монголын түүх уламжлалыг “Ааруулын түүх” зохиолоор дамжуулж дэлхийн мянга, мянган бяцхан уншигчдад хүрэх болсныг дуулгахад таатай байна


-Та ”Жангар” редакцад хэдэн жил ажиллаж уран бүтээлээ туурвиж байна вэ?

-“Жангар” редакц нь 2008 онд анх байгуулагдсан. Би  2010 оноос хойш “Жангар” редакцад ажиллаж байна. Багаасаа номтой ойрхон өссөн учраас “Монсудар”хэвлэлийн газарт ажиллаж нийтдээ 50 гаруй ном хийжээ. Сүүлийн жилүүдэд бодлогын төслүүд дээр ажиллаж байна. Томоохон бүтээлүүдээс дурдвал эртний уран зохиол төслийн “Монголын нууц товчоо”,  “365 үдэш”, “365 өдөр”, “Монгол үлгэр-Зурагт ном” төслийн цуврал номууд зэрэг олон бүтээл дээр ажиллаж байна.

-Томоохон хэмжээний бүтээлийн зургийг зурахад хэдэн жилийн хугацаа зарцуулдаг вэ. Түүхэн, уламжлал  талаас нь судалгаа хийнэ гээд хугацаа их ордог байх. Номоо бүтээхдээ ямар зорилго, бодлого баримталж ажилладаг вэ?

-Түүхэн талаас нь судална, ажиллана, зурна гээд ер нь хоёр жил зарцуулна шүү. Монголчууд өв соёл, уламжлал гэдэг зүйл дээр  нэгдсэн ойлголтгүй байгаа. Жишээлбэл, соёлын салбарт уламжлал, орчин үеийг хосолж явна, боловсролын салбарт Кембриджийг сонгох уу, үндэсний боловсролыг сонгох уу гээд л янз бүрээр л  ярьдаг. Бид үр хүүхдэдээ уламжлалаа  өвлүүлэх ёстой юу гэвэл тийм. Тэгэхдээ өнөөгийн цаг үед зохицуулах, цаашид хөгжих боломжтой байдлаар өвлүүлэх ёстой. Ойлгомжгүй байгаа асуудал бол  нэг хөл нь орчин үе, нэг хөл нь уламжлал гээд догонцож явах гээд байгаа ч юм шиг. Төрөхөөс өдий хүртэл цаг хугацаанд уламжлал гэдэг зүйл хүндээ ямагт шингэж явдаг учраас бидэнд ч уламжлал хэрэгцээ, нөхцөл байдал ямар нэгэн хэмжээгээр шингэчихсэн байгаа. Уламжлал, орчин үе гэж зүйл тусдаа ойлголт биш юм шиг санагддаг. Бидэнд байгаа үнэт зүйл дээр уламжлалыг ургуулж хэрэгжүүлээд явах учиртай. Уламжлал гэдэг нь хуучин зүйл биш. Соёлын хувьд монгол уламжлалаа хөгжүүлээд аваад явах боломжтой. Үүний нэг тод жишээ нь, “Хү” хамтлаг байна шүү дээ.

-Үүнтэй адил эртний үлгэр домог, аман зохиолыг орчин үетэй уялдуулах шаардлага урган гарч байх шиг. Жишээ нь, эртний үлгэр домогт эерүүлж зөөлрүүлэх сэдвүүд их байдаг л даа. Та бүхэн хүүхдийн цуврал номондоо энэ бүхнийг хэрхэн тусгасан бэ?

-Үлгэр домог бол маш эртний зүйл бөгөөд  байгалийн эрхшээлт амьдралын хэв маяг зонхилсон огт өөр нийгмийн бүтэцтэй байх үед үүссэн. Өнөөдөр мөн чанар, үнэт зүйлийн хувьд тэс ондоо. Уламжлалыг хүүхдэдээ өгье гэвэл өнөөгийн нийгмийн үнэт зүйлд таацуулж өвлүүлэх ёстой. Эрт үед дайсагнах, нэгнээ хөнөөх, шийтгэх бол жирийн л үзэгдэл. Одоо үеийн хүүхдэд тэрийг хэрхэн ойлгуулах вэ гэдэг чухал. Даанч манай зарим эрдэмтэд үүний эсрэг бодолтой. Үлгэр домог гэдэг тэр хэвээрээ байх ёстой гэж үздэг. Тэр хэвээрээ байгаад л байх юм бол монгол домог үлгэрийг хүүхэд тоохгүй шүү дээ. Тэгээд мартагдана, тоосонд дарагдана. Өнөөгийн нийгэмд тааруулахдаа үндсэн эхийг нь хадгалаад л явж байгаа учраас өв соёлдоо хайртай хандаж байна гэж ойлгож байгаа. Манай редакцаас гарч буй  монгол  үлгэр домгийг өнөөгийн  үзэл санааны үнэт зүйл дээр тулгуурлан бүтээдэг. Үлгэрүүд дотроо хайр, хүнлэг, энэрэнгүй, шударга чанар гэж юу вэ гэх зэрэг үнэт зүйлийн катигори дээр тулгуурлан  хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хэлбэрээр шигтгэж оруулсан.

-Жилд нэг удаа шалгаруулдаг томоохон уралдаанд шалгарчихлаа.  Дэлхийн уншигчдад хүргэх бүтээлүүд маань хэдэн хэл дээр хэвлэгдэх вэ. “Ааруулын түүх” зохиол нь хэний бүтээл вэ?

-Азийн Соёлын төв нь Азийн соёлын өвийг дэлхийд сурталчилж, соёлын өвийг хамгаалдаг олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг газар юм билээ. Жилдээ нэг орныг онцолдог бөгөөд энэ жил Монгол шалгарсан. Европын оронд худалдаалагдах номыг англи хэл дээр, Азийн оронд тухайн орных нь хэл дээр орчуулж хэвлэнэ гэсэн  үг. Энэхүү уралдаанд  солонгос зохиолчийн бичсэн  “Ааруулын түүх” гэдэг Монголын тухай зохиол шалгарсан. Зурагт номын стандарт гэж байдаг. Нас насанд нь тохирсон хуудасны тоо, текст хэмжээ, өнгө будаг нь янз бүр л дээ. Нэг зүйлийг хэлэхэд Монголд хүүхдийн зохиол гэхээр бага насныхаа дурсамжийг бичнэ гэж андуураад байдаг. Хүүхдийн зохиол  бол өнөөгийн хүүхдийн хэл ярианы хөгжил, үгийн сан, хэрэглэж буй технологи зэрэгт нь тулгуурлаж, сэтгэлзүйд нь тааруулж хийдэг зүйл. Энэ нь  монгол үлгэрийг эвдлээ гээд шүүмжлэл дагуулдаг л даа. Өв соёл гэдэг зүйл цаг ямагт амьд байж хэрэглэгдэж байх ёстой. Бид өдөр тутамдаа мэндлэх, үдэх, хоол идэх,  биеэ авч явахдаа ч хэрэглэх ёстой соёл болохоос авдарт хадгалаад байдаг эд биш.

-Дэлхийд, ялангуяа Япон оронд хүүхдийн комикс ном хүчээ авч байна шүү дээ, томчууд нь хүртэл шимтэж уншдаг юм билээ. Монголд комиск номын төрөл хэр хөгжиж байна вэ?

-Комикс  бол дэлхий дахинд нэг том төрөл болоод хөгжжээ. Баруун Европт хөгжихдөө арилжаа, сурталчилгааны хэлбэрээр нэвтэрсэн. Урлагийн түвшинд “Марвэл”, “Волтдисней” зэрэг томоохон студиуд комикс номыг хөгжүүлж, кино, тоглоом гээд салбар бүрт бизнес болгож чадсан. Зурагт ном гэдэг бол соён гэгээрлийн үүрэгтэй. Комикс ном соён гэгээрүүлэх үүрэгтэй ч арилжааны тал нь давамгай байдаг. Монголд комикс төрөлд  “Бумбардай”, “Монгол контент” гээд цувралууд бий. Тэд ихэвчлэн арилжааны зориулалттай. Та мэднэ шүү дээ хуурай салфитка дээр ч зураг нь явж байдаг шүү дээ. “Жангар” редакц бол соён гэгээрлийн байгуулга. Мөн тусдаа “Цэнхэр гүзээлзгэнэ” гэдэг комикс номын редакцтай “Marvel” зэрэг дэлхийд алдартай хэвлэлийн газруудтай гэрээтэй ажиллаж албан ёсоор Монголд номуудыг нь оруулж ирдэг.

-Монголчууд үр хүүхдэдээ үлгэр ярьж өгөхөө больсон ч хүүхдэдээ ном авч өгдөг болсон. Уран бүтээлчдийн хувьд энэ нь та бүхэнд хэр мэдрэгддэг вэ?

-Шууд мэдрэгдэнэ. Хүүхэд номонд хамгийн дуртай байдаг. Бидний багад өвөө, эмээгийн ярьж өгсөн үлгэр домог насан туршийн итгэл үнэмшил, үзэл санаа, нандин дурсамжийг бүтээсэн мэт санагддаг шүү дээ.  Хүүхэд бүхэн аав, ээжийгээ ном уншиж өгөөсэй гэж хүсдэг. Үр хүүхдэдээ үлгэр домог ярьж өгдөг хүмүүжил,  соёлын уламжлалт арга нь алдарсаар алга болж байгаа нь харамсалтай гэж хүмүүс ярьцгаадаг. Нийгмийн бужигнаан дунд цаг наргүй ажилладаг амьдралын хэмнэлд үлгэр домог ярих зав байхгүй болсон шиг байгаа юм. Маш их ажиллаад ядарсан хүмүүс гэртээ хариад хүүхдэдээ ном уншиж өгөхөөсөө илүү хүүхдээрээ өөрийнхөө стрессийг тайлах нь элбэг. Монголчууд хүүхдийг төлөвлөж төрүүлдэггүй шигээ төлөвлөж хүмүүжүүлдэггүй. Төрөхөд нь бурханаас заяасан гээд л мухар сүсэгтэй холбоод яваад байдаг.Зүгээр л зөнгөөр өсгөсөн  хэр нь том болонгуут нь хүүхдээ сурч боловсорсонгүй, хүмүүжсэнгүй гээд гомдоллоод байдаг. Хүүхэдтэйгээ оройдоо 15-хан минут хүүхэдтэйгээ тулж харьцаад чин үнэн сэтгэлээсээ хандаж, ярилцаж, ном уншиж өгөх хэрэгтэй шүү дээ. Хүүхдийг есөн сартайгаас нь эхлээд анхны номыг нь уншуулж эхэлдэг тухай гадны судалгаа, зөвлөгөө бий. Заавал бичиг үсэг тайлагдсаны дараа гэж хүлээх шаардлагагүй. Хүүхэдтэйгээ ярьдаггүйн улмаас таван нас хүртлээ хэлд ороогүй хүүхэд байгаа нь тун эмгэнэлтэй. Тэрийг нь гайхаад сэтгэлзүйч, эмнэлэг домлогоор хөтлөөд гүйгээд байдаг.

-Цар тахлын улмаас хүүхдүүд маань цахимаар хичээллэж гэрт хэдэн сар суулаа. Хүүхдүүд ном уншихаас гадна өөрийгөө хөгжүүлэх ямар боломж  байна вэ. Та бүхэн өөрсдийнхөө бүтээсэн номыг сонсдог, хөдөлдөг болгохын тулд телевизүүдтэй хамтарч ажиллах боломжтой юу?

-Монголд үндэсний телевизид нь хүүхдэд чиглэсэн өөрийн гэсэн бүтээгдэхүүн байхгүй. Гаднын хямдралтай жагсаалтаас хэдхэн хүүхэлдэйн кино сонгож цацдаг. Хүүхдэд ганц хань болж байгаа суваг нь Youtube л байна. Тэндээс тэд хүүхдүүд янз бүрийн бичлэгүүдийг шүүлтүүргүйгээр үзэж байна. Манай редакц сүүлийн 10 жилд 400 гаруй нэр төрлийн ном хэвлүүлсэн. Үүний 100-аад ном нь өөрийн контент бол 300 гаруй нь гаднаас албан ёсны эрхтэйгээр хэвлэсэн номууд оруулж ирсэн. Телевизүүд манай контентыг хүүхэлдэйн кино болгоё гэсэн хүсэлт ирүүлдэг. Гэтэл телевизэд зураач байхгүй, хүүхдийн редакц байна уу үгүй юу. Тиймээс хөнгөн хуумгай хандах вий гэдгээс болгоомжилдог. Зурагтаар уран яруу уншиж болно л доо. Гэвч хүүхдэд жинхэнэ ойлгуулж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тийм учраас л эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж амьд харилцаа үүсгэж номыг нь уншиж өгөх, утга агуулгыг нь ярилцах нь юу юунаас илүү нандин сэтгэлийн боловсрол болно. Хүүхдүүд ээж, аавтайгаа нэг, нэг дүрд хувираад театр болж тоглож болж байна. Номынхоо агуулгад нийцүүлээд хөгжилтэй, адал явдалтай, хөдөлгөөнтэй янз бүрийн хэлбэрээр уншиж өгч болно.  Энэ чанар л томчуудад дутагдаад байгаа юм.

-Монголд хүүхдийн зохиолчдын үнэлэмж хэр байна вэ, басхүү зохиолчдын хүрэлцээ хэр хангалттай байна гэж үздэг вэ?

-Дэлхийн шилдэг зохиолууд дунд хүүхдийн зохиол олон байдаг бол түүнийгээ дагаад ч зохиолч нь хамгийн нэр хүндтэй байдаг. Энэ жишиг Монголд тогтоосой гэж боддог. Үнэлэмж нь муу учраас авьяасгүй зохиолчид хүүхдийн зохиолч болдог гэсэн хандлагатай байдаг. Үнэлэмж доогуур учраас Монголд хүүхдмийн номын салбар хөгжихгүй байгаа талтай.  Ноднин жилээс “Монсудар” хэвлэлийн газар, “Гёте” институт хамтарч Дүрслэх урлагийн дээд суруульд хүүхдийн  зураач бэлтгэдэг мэргэжлийн ангитай болсон. Гадаадаас мэргэжилтнүүд авчирч лекц оруулж энэхүү ангийг нээсэн. Хүүхдийн зохиолын уралдаан зарлагддаг ч жишиг нь буруу байдаг. Хамгийн сайхныг нь шалгаруулж дүгнэхээс илүү редактор, зураач нартай хамтарч хийхээ мартсан байдаг. Энэ жишгийг дагаад эцэг, эхчүүд хүүхдийнхээ бичсэн зохиолоор шууд ном гаргачихдаг. Энэ нь өөрсдөд нь л кайфтай болохоос нийгэмд хэрэгтэй юу.  Тийм учраас манай компаниас хүүхдийн зохиолын уралдаан зарласан. Үүний үр дүнд зохиолч, зураачтайгаа хүүхдийнхээ насны онцлог, хэл ярианы түвшинг ярилцаж лавшруулан сайжруулж найман ном гаргасан.

-Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулж номыг нь сонгоно гэдэг нарийн зүйл байх шиг. Эцэг, эхчүүд хүүхдээ номонд яаж дуртай болгох вэ гэдэг толгойны өвчин болоод байна шүү?

-Хүүхдийн оюун ухаан өдөр өдрөөр тэлж байдаг болохоор нас насандаа өөрчлөгдөж байдаг. Жишээ нь, 13 настай хүүхдийг роман унш гэвэл уншихгүй. Харин насанд нь таарсан зурагтай, товч агуулгатай ном өгвөл дуртайяа уншина. Нас, насандаа тохирсон ойлгох, мэдэх ёстой сэдэв, хэл найруулга байдаг. Дээр хэлсэнчлэн дэлхий нийтэд хүүхдэд есөн сартайгаас нь анхны номыг нь үзүүлдэг. Хүүхдийн нүдний хараа  3D хэмжээст тогтож эхлэхэд ном нь 2D хэмжээст орон зайд үйлчилдэг. Нас ахих тусам өнгөнүүдийг харуулж, зузаан, нимгэн цаас бариулах, хуудас эргүүлэх, хулдаасан ном, хаздаг ном, сонсдог ном, уншдаг ном гээд хувьсан өөрчлөгдөж, түвшин ахиж байдаг. Тэгж багаас нь номонд дасгаж дурлуулах хэрэгтэй. Тэгж байж л ном уншдаг хүн болж өсөж хүмүүжнэ. Аав, ээжүүд хүүхдээ багаас нь номтой ойр өсгөөгүй байж гэнэт л сэхээрсэн юм шиг хүүхдээ яаж ном уншуулах вэ гээд хүрээд ирдэг. Тийм хүүхэд шууд ном уншихгүй. Ер нь хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг хүүхэд төрүүлэх гэж төлөвлөхөөс эхлээд маш том шинжлэх ухаан юм. Монголчууд хүүхдээ “Майлсаар, майлсаар мал болно, уйлсаар, уйлсаар хүн болно” гэсэн цөлх, бүдүүн тоймоор өсгөдөг. Өвдөхгүй л байвал болоо гэсэн хандлагатай. Хүнийг хүн болгоно гэдэг нарийн ухаан юм байна. Би аав болохоосоо өмнө хүүхдийн номын зураг дээр мөнгө олох зорилгоор л ажилладаг байсан юм байна. Хүүхдэдээ нөгөө номуудаа уншаад өгөхөөр утга агуулгын хувьд ч, өгч буй өгөөжийн хувьд ч чамлалттай санагдаад эхэлсэн. Ингээд хүүхдийн номонд бүх зүйлд нь чин сэтгэлээсээ хандах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

-Техник технологи хөгжөөд хүүхдүүд сатаарах юм ихтэй болохын хэрээр ном бариад суухаасаа илүү гар утас ,компьютерыг илүүд үздэг болж. Та бүхэн номоо бүтээлээ цахим хэлбэрт оруулах бодол байдаг уу. Ойрын төлөвлөгөө юу байна вэ?

-Дэлхий нийт цахимд шилжиж байгаа энэ нөхцөлд дэлгэцийн хамаарлыг багасгах боломжгүй. Эрүүл мэндэд хор нөлөөтэй гэдгийг эмчийн зүгээс хэлж ойлгуулах нь илүү нөлөөлнө. Харин хүүхэд ном уншъя гэвэл цахим нь ч бий, цаасан нь ч бий. Тэр хүүхдийн л сонголт. Швейцарын зарим мужид цаасан хэрэглээг танаад цахим болгосон бол зарим мужид цахим хэрэглээг хасаад цаасан байхыг эрмэлздэг. Харин Солонгост хосолмол байдалтай. Манайд аль алийг нь хослуулж явах хэрэгтэй. Ойрын төлөвлөгөө гэвэл “Интер ном”-ын хоёрдугаар давхарт ирэх сарын 01-ний өдрөөс 21 хоног өөрийн зургийн үзэсгэлэнгээ гаргана. Энэ хугацаанд хүүхдийн номын арга хэмжээ зохиож, уншигч зохиолчдын уулзалт хийж, уншигчийн сэтгэгдлийг нь яриулна. Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ, өөрийнхөө түүхийг яаж зурагт ном болгох вэ гээд олон төрлийн арга хэмжээ явуулах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version