Энтертайнмент

Н.Төгцогтын мэргэжлийн боксын карьерын шийдвэрлэх тулаан болох гэж байна

Нийтэлсэн

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгцогтын хамгийн чухал шийдвэрлэх тулаан болоход 3 хоног үлдээд байна. Н.Төгсцогт өнгөрсөн Клаудио Марреротой тулалдаж ялснаар IBO холбооны аварга болсон юм. Ингэснээрээ дэлхийн мэргэжлийн боксын нэр хүнд бүхий WBC холбооны аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон. Тэгвэл энэ ням гариг буюу 2-р сарын 9-ний өдөр дэлхийн мэргэжлийн боксын рингэн дээр Н.Төгсцогт болон WBC холбооны featherweight буюу 57 кг жингийн аварга Гари Расселл Жр-ын хооронд гал гарсан ширүүхэн тулаан өрнөх гэж байна.

Түүний карьерийн хувьд маш чухал ач холбогдол бүхий түүхэн тулааныг хамтдаа үзэж, Монгол тулаанчаа хамтдаа дэмжицгээе.

Энэхүү тулааныг Монгол улсад албан ёсны онцгой эрхтэйгээр 2-р сарын 9-ний 09:00 цагаас Юнивишнийн Unilive 88-р суваг болон LookTV-ээр шууд дамжуулах юм.

Монгол тулаанчаа хамтдаа дэмжих 8 шалтгаан:

1. Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийж нэг ч удаагийн ялагдалгүйгээр 11 удаа ялалт байгуулан гайхалтай амжилт үзүүлсээр байгаа. Н.Төгсцогт хамгийн сүүлд 2019 оны 1-р сарын 27-нд Клаудио Марреротой 11 дэх тулаанаа хийж, 12 раундын дараа оноогоор ялагч болсноор IBO холбооны аварга болсон юм.

2. Түүний өрсөлдөгч болох WBC холбооны аварга Гари Расселл Жр бол 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа маш хүчтэй өрсөлдөгч. Өдгөө 32 настай тэрээр 2014 онд WBC холбооны аваргын төлөөх тулаанд Василь Ломаченкод ганц л удаа ялагдсанаас өөр ялагдал хүлээж байгаагүй бөгөөд мэргэжлийн боксын нийт 31 тулаанд орсноос 30 удаа ялалт байгуулсан супер тамирчин юм.

3. WBC холбоо бол дэлхийн мэргэжлийн боксын хамгийн нэр хүнд бүхий 4 холбооны нэг юм. Бусад нэр хүнд бүхий гурван холбоонд IBF, WBO, WBA холбоо зүй ёсоор ордог. Хэрэв Н.Төгсцогт WBC холбооны аваргын бүсийн төлөөх тулаанд ялалт байгуулвал цаашид бусад 3 холбооны аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болж, дэлхий дахинд боксын аварга хэмээгдэх юм.

4. Хэрэв Н.Төгсцогт 2-р сарын 9-ний өдөр болох энэ тулаанд ялагдвал дахин бүсийн аваргын төлөө тулалдах эрхтэй болох хүртлээ олон удаагийн тулаан хийх шаардлагатай болно. Тиймээс энэ тулаан бол Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын замналаа алдалгүй цааш үргэлжлүүлэх алтан боломжийг олгох маш чухал тулаан юм.

5. Н.Төгсцогт 17 настайдаа сонирхогчдын боксын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж, 20 настайдаа Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл түүний өрсөлдөгч Гари Расселл Жр мөн л 17 настайдаа сонирхогчдын боксын ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд 2009 оноос эхлэн мэргэжлийн боксд хүч үзэх болжээ.

6. Н.Төгсцогт 2015 онд мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийж байх үед Гари Расселл WBC холбооны аваргын төлөө Василь Ломаченкотой тулалдаж ялалт байгуулж байв. Түүнээс хойш Гари Расселл Жр WBC холбооны аваргын бүсээ хамгаалах тулаанд 4 удаа орж 4 ялалт байгуулсан бөгөөд 5 дахь тулаанаа Н.Төгсцогттой хийх гэж байгаа юм. Н.Төгсцогтын өрсөлдөгч тийм л хүчтэй өрсөлдөгч.

7. Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хийсэн 11 тулааныхаа 9-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан бол Гари Рассель Жр мэргэжлийн боксын 31 тулаан хийж, түүнийхээ 17-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.

8. Боксын гурван одтой шүүгч Г.Нандинжавын хэлснээр Н.Төгсцогтын энэхүү тулаан өмнөх тулаануудтай харьцуулахын аргагүй ширүүн тулаан болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

28 настай Н.Төгсцогт, 32 настай Гари Расселл нарын гал гарсан халз тулааныг дэлхийн мянга мянган бокс сонирхогчид тэсэн ядан хүлээж байна. Дэлхийн мэргэжлийн боксын дэвжээнээ Монгол Улсынхаа нэрийг анх удаа тодоор тамгалж IBO холбооны аварга болсон Н.Төгсцогтоо хамтдаа дэмжицгээе.

Түүний тулааныг  2-р сарын 9-ний 09:00 цагт Юнивишнийн Unilive 88-р суваг, LookTV-ээр шууд дамжуулна.

Exit mobile version