Нийгэм

Халдварын тоо нэмэгдэнэ гэж тооцон ХӨСҮТ-ийнхэн бэлтгэлтэй байна

Нийтэлсэн

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлага, албан хаагчидтай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа. Тус төвийн өмнөх дарга Х.Нямхүү үүрэгт ажлаа өгсөн бөгөөд ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Д.Наранзул ерөнхий захирал болсон байна. Тэрээр ажлаа аваад хэдхэн хонож байгаа юм.

Салбарынхаа сайдтай тус төвийн шинэхэн захирлаас гадна Нэгдсэн лабораториудын албаны дарга С.Энхзаяа, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг нар биечлэн уулзсан бол бусад албаны дарга, албан хаагч, ажилчид цахим хэлбэрээр өөрсдийн ажлаа танилцуулж, санал хүсэлтээ хэлсэн юм. Уулзалтын эхэнд сайд С.Энхболд Цагаан сарын үеэр хөл хорионы дэглэмийг чангатгаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг Улсын онцгой комисс дэмжсэн, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа зэргийг танилцуулсан. Мөн цар тахалтай нэг жилийн хугацаанд хамгийн их ачаалал авч ажиллаж байгаа тус газрын эмч, сувилагч, ажиллагсдаар бахархаж байгаагаа илэрхийлсэн.

Нэгдсэн лабораториудын албаны дарга С.Энхзаяагийн хэлснээр өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ нийтдээ 220 гаруй мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан гэнэ. Гурван лаборатори хэвийн ажиллаж байгаа ч БНХАУ-аас буцалтгүй тусламжаар олгосон PCR шинжилгээний төхөөрөмж программын алдаатай байсан учраас дахин шинээр сольж өгөхөөр болсон байна. Мөн сорьц авах бамбар, хуруу шилний нөөц одоогоор 166 мянга байгаа бөгөөд удахгүй 300 мянгыг нэмэх гэнэ. Ингэснээр шинжилгээний нөөцөнд хэсэгтээ санаа зоволтгүй болох аж. Өрх бүрээс шинжилгээ авах ажлын хүрээнд эрүүл мэндийн 280 баг ажиллаж, дөрвөн зуу гаруй мянган өрхийг шинжилгээнд хамруулах бол шинжилгээний 73 цэг байгуулж, 38 PCR төхөөрөмж ашиглан өдөрт 42 мянган шинжилгээ хийж, шаардлагатай газруудад хөдөлгөөнт шинжилгээний 90 гаруй цэг ажиллуулахаар болсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Эрүүл мэндийн сайд энэ үеэр шинжилгээний хариу гарах хугацаа болон хүний нэр солигдсон талаар тодруулж, цаашид анхаарч ажиллахыг хүслээ. Шинжилгээний хариу өмнө нь 72, 48 цагийн хугацаанд гардаг байж. Харин одоо бол ажиллаж байгаа гурван лабораторийн нэг нь хамгийн уртдаа 31, нөгөө хоёр нь 21-23 цагийн дотор хариуг гаргаж байгаа аж. ХӨСҮТ-ийн удирдлага, ажилчид шинжилгээний хариуг багасгах, 24 цаг дотор оруулахаар хичээж байгаа гэдгээ ч илэрхийлсэн юм. Харин өнгөрсөн хугацаанд хүний нэр солигдсон алдаа огт гараагүй гэдгийг хэлж байлаа. Саяхан гарсан алдаа бол гадаад улс руу явсан казак иргэний нэрний нэг үсгийг солиод биччихсэн аж. Тухайн үед яаралтай арга хэмжээ авч араас нь цахим шуудан явуулж, алдаагаа зассан гэнэ. Энэ үйлдэлдээ харамсаж байгаагаа хэлээд цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэдгээ С.Энхзаяа дарга хэлсэн.

ХӨСҮТ нь нийтдээ 554 ортой бөгөөд 330 ор нь халдварын өвчлөлтэй хүмүүсийг хэвтэн эмчлүүлдэг байна. Одоогоор тус эмнэлэгт 222 иргэн байгаагаас 208 нь шинжилгээний хариу нь батлагдсан өвчтөнүүд байгаа бол 14 нь сэжигтэй тохиолдол гэдгийг Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг хэлж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс тус эмнэлгийг 400 ор бэлдэх шаардлагатай гэсэн тул элэгний тасгаа бэлдсэн бөгөөд өрх бүрээс шинжилгээ авахаар өвчлөл ихэснэ гэж тооцоолон бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Энэ үеэр М.Тунсаг дарга Эрүүл мэндийн сайдад хүнд өвчтөн тээвэрлэх бүрэн тоноглогдсон гурван автомашин хэрэгтэй байгааг уламжилсан. Энэ тал дээр салбарын сайд бүх талаар дэмжихээ амласан юм. Ноднин жилийн арваннэгдүгээр сараас эхлэн тус эмнэлгийн лабораторийн ажилчдын ачаалал эрс ихэссэн бөгөөд 24 цагаар тулж ажиллажээ. Тиймээс энэ сарын 01-нээс 10-ны өдрийг хүртэл ажилчдаа амраах зорилгоор 24 цаг гараад 48 цаг амардаг байдлаар ажлыг нь зохицуулсан байна. Харин хөл хориог чангатгаад өрх бүрээс шинжилгээ аваад эхлэхээр ажлын цагийг нь буцаад 24:24 болгох ажээ.

ХӨСҮТ-ийнхэний хувьд ноднин жилийн долоодугаар сараас эхлэн коронавирусний вакцин хийх бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Вакцинжуулалтын төлөвлөгөөг боловсруулан Шадар сайдаар батлуулсан бөгөөд нийслэл дүүрэг, аймгуудын холбогдох хүмүүст сургалт хийж эхэлжээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын хэлж байгаагаар одоо хамгийн тулгамдаж байгаа асуудал нь хүний нөөц гэнэ. Дархлаажуулалтын мэргэшсэн хүмүүс хүрэлцэхгүй нь тодорхой учраас бусдыгаа дайчлан ажиллахаас өөр аргагүй. Тэднийгээ сургах шаардлага байгаа учраас вакцинжуулалтын ажилд дайчлагдсан хүмүүсийг үндсэн ажлаас нь чөлөөлж өгөхийг салбарын сайдаасаа хүсэж байлаа. Мөн эдгээр хүмүүсийг стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас хэрэглэл, N95 маскаар хангах шаардлагатай байгаа аж.

Жолооч, эмч, ажиллагсдын илүү цагийн мөнгө өнгөрсөн 12 сарынхаас эхлээд ороогүй байгаа учраас энэ тал дээр анхаарч өгөхийг ХӨСҮТ-ийн удирдлагууд хүссэн. Сайдын хувьд энэ асуудалд онцгой анхаарал хандуулна гэдгээ амлаад өөрийнх нь нэр дээр бичгээр явуул. Асуудал нь хаанаа байгааг судлаад ойрын хугацаанд шийдвэрлэнэ” гэлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хувьд Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болох нэн шаардлага байгаа учраас энэ ажлыг шийдвэрлэхээр болж өмнөх сайдын үед Ажлын хэсэг байгуулагдсаныг одоогийн сайд үргэлжлүүлэн ажиллуулж байгаа гэнэ. Мөн тулгамдсан нэг асуудал нь Нэгдсэн лабораториудын барилга  юм байна. Барилгын ажил дуусах тун дөхсөн ч Мэргэжлийн хяналтаас шаардлага тавьсан учраас өөрчлөлт орж хугацаа хойшилжээ. Үүн дээр ч салбар хариуцсан сайдын хувьд анхаарч ажиллана гэдгээ С.Энхболд сайд илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд тэрээр “Цар тахлын хоёр дахь давлагаа үүсэх магадлал бий энэ цаг үед та бүхний ажлын хариуцлага маш чухал. Хүнд хэцүү цаг үед та бүхэн минь маш сайн ажиллаж байгаа. Та бүхнээрээ бахархаж байна. бүх нийтийг вакцинжуулах ажилд жижиг гэлтгүй бүх зүйлийг бэлдэх хэрэгтэй. Бид бүхэн хамтарч ажиллаж байж үүнийг даван гарна” хэмээн хэлсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version