CRI Монгол радио
Хойд мөсөн далай цэргийн стратегийн чухал бүс болж байна
ОХУ ба Арктик
Хүн төрөлхтөн коронавирусний халдвартай тэмцэхийн зэрэгцээ цэрэг стратегийн үйл ажиллагаагаа ч шинэчилсээр байна.
Арктик нь Хойд мөсөн далайд гарц бүхий орнуудын хувьд эдийн засаг, стратегийн чухал бүс юм. Тэнд ашигт малтмалын ихээхэн нөөцтэйгээс гадна зам тээврийн чухал зангилгаанууд бий. Цэрэг, стратегийн хувьд ч Арктик чухал цэг хэмээн тооцогддог. Хойд мөсөн далайн бүсэд ОХУ-ын Умард флот байрладаг бөгөөд тус улсын цэргийн таван тойргийн нэгд тооцогддог юм. Флотын бүрэлдэхүүнд тив алгасагч цөмийн балластик пуужингаар зэвсэглэсэн атомын шумбагч онгоцууд, Оросод цор ганц пуужин зөөгч “Адмирал Кузнецов” болон атомын пуужинт “Аугаа Петр” хөлөг онгоц, хуурай замын болон агаарын хүчний нэгжүүд багтдаг. Сүүлийн жилүүдэд ОХУ Арктикт цэргийн дэд бүтэц байгуулахаар ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа билээ. Хуучны Зөвлөлтийн үеийн цэргийн нисэх онгоцны буудлуудыг засварлаж, цэргийн хоёр том бааз нэмж байгуулаад байна. Эдгээр нь агаараас эсэргүүцэн хамгаалах зорилготой. Тэдгээрийн ойролцоо ямар ч төрлийн нисэх онгоц хүлээн авах боломжтой том буудал барьжээ. Врангелийн арал болон Шмидтын буланд “Сопка-2” хэмээх радиолокаторын цогцолбор байгуулан Чукотскийн тэнгисээс Аляскийн эрэг хүртэлх агаарын орон зайг хянаж байна. Арктикт ажиллахад тусгайлан зориулсан цэргийн техникүүдийг ч ОХУ зохион бүтээсэн агаад, тухайлбал, Улаан талбайд болсон парад дээр ТОР-М2ДТ хэмээх агаарын зенитийн иж бүрдлийг танилцуулсан билээ.
ОХУ Арктикт баримтлах стртегийн зорилтоо 2020 онд шинэчилж, Ерөнхийлөгч В.Путины зарлигаар 2035 он хүртэл баримтлах төрийн бодлогоо тодорхойлжээ. Тухайн бүсэд ОХУ цэргийн байр сууриа ийнхүү бататгаад байгаа юм.
АНУ ба Арктик
АНУ анх удаа хайгуул шинжилгээний зорилгоор B-1B бөмбөгдөгч онгоцны эскадрилийг Норвеги руу илгээлээ. Онгоцнууд тус бүс нутагт сургуулилалтын нислэг үйлдэнэ хэмээн АНУ-ын Европын бүсийн цэргийн командлалаас мэдээлэв. Мэдээлэлд дурдсанаар 200 гаруй хүнтэй бие бүрэлдэхүүн бүхий дөрвөн бөмбөгдөгч онгоцыг Техас муж дахь Дайс нисэх баазаас хөөргөн Норвегийн Вангийн цэргийн нисэх хүчний Эрланд баазад түр суурьшуулахаар төлөвлөжээ.
АНУ-ын тал Европ дахь цэргийн холбоотнуудтайгаа хамтран хэдэн долоо хоногийн туршид Арктик буюу Хойд мөсөн далайн бүсэд төрөл бүрийн сургуулилтын үйл ажиллагаанд оролцох ажээ. Үүгээрээ АНУ Хойд мөсөн далайн бүс дэх анхаарлаа хожимдуулсныг нөхөхөөр шийдсэн бололтой гэж шинжээчид үзэж байна. Арктикт 2050 он хүртэл том гүрнүүд хэрхэн өрсөлдөх талаар АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвөөс 2020 онд гаргасан дүгнэлтэд дурдсанаар Нэгдсэн Улс тус бүс нутагт хандах сонирхлоороо бусдаас 10 жилээр хоцорч яваа ажээ.
АНУ-ын Зэвсэгт хүчнээс Арктикт баримтлахаар 2020 оны зун дэвшүүлсэн стратегид бүх талаар сонор сэрэмжтэй байх, цэргийн бэлтгэлээр дамжуулан хүчний төвлөрөлийг хангах, холбоотнуудтайгаа хамтран ажиллах, Арктикт үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангах гэсэн дөрвөн зорилт дэвшүүлжээ. Ингэж Хойд мөсөн далайд гарц бүхий томоохон гүрнүүд Арктикт стратегийн түшиц газраа бэхжүүлэх үйл ажиллагаандаа анхаарч байна.
Хиймэл оюун ухаан шинэ дайн дэгдэх нөхцөл бүрдүүлэх үү
Энэ сацуу олон орны зэвсэгт хүчин хиймэл оюун ухаанаас ихээхэн хамааралтай болсоор байна. Хиймэл оюун ухааныг ОХУ, БНХАУ зэрэг хүчирхэг зэвсэгт хүчинтэй орнууд зорилгодоо ашиглаж болзошгүй хэмээн Times сэтгүүлийн тоймч Рожер Бойес “Дэлхийн шинэ дайн хэрхэн эхлэж болох вэ” өгүүлэлдээ дурджээ.
АНУ, ОХУ, БНХАУ, Их Британийн цэргийн мэргэжилтнүүд бүр 2018 онд Лондонд цугларч дэлхий дахины цөмийн зэвсэглэлийн тогтвортой байдалд хиймэл оюун ухаан ямар нөлөө үзүүлэх талаар сонирхолтой дүгнэлт хийцгээсэн байдаг. Судалгааны явцад тэдгээр мэргэжилтнүүд нөхцөл байдал аюулын ирмэгт иржээ гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Шинэ дайн дэгдэж болох гол нөхцөл нь хиймэл оюун ухаан болж байна.
Хиймэл оюун ухаан нь хүлээн авсан мэдээллээ боловсруулж, шийдвэр гаргах шатны командлагч, улстөрчдөд болзошгүй аюулаас сэргийлэх боломжоор хангах учиртай. Энэ нь үүсэж болох нөхцөл байдлыг бодитоор үнэлэн дүгнэхэд цаг хэмнэхээс гадна олон талын ач холбогдолтой юм. Гэвч өгөгдсөн мэдээлэл хуурамч байвал хиймэл оюун ухаан шууд довтолгоонд орох команд өгөх аюултай ажээ. Цөмийн зэвсэгтэй орнууд аль нэг талын мэдэлд байгаа хиймэл оюун ухааны төхөрөмжийг хакердан буруу мэдээллээр хангавал тэндээс ямар эрсдэл учрахыг төсөөлөхөд бэрх болох юм. Хэрэг дээрээ орчин үед хиймэл оюун ухааны суурин дээр тулгуурлан зэвсэглэлээр хөөцөлдөх аюул нүүрлэхийн бодит ирмэгт тулсан байна гэж шинжээчид дүгнэв.
Хакерууд, гэмт этгээдүүд, нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараагчид ч хиймэл оюун ухааныг хуурах боломжтой юм. Мэдээллийн ажилтнууд, математикчид, мэдээлэл болон шинэ модель боловсруулагчид зэрэг мэргэжилтнүүдийн дүгнэлтээр хиймэл оюун ухаанд суурилсан цахим тулаан нь орчин цагийн дайны талбар болох боломжтой ажээ. Ноцтой хуурамч мэдээлэл хиймэл оюун ухааныг төөрөгдөлд оруулан шинэ дайн дэгдээх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Иймд цахим халдлага, хакеруудын зах хязгааргүй үйл ажиллагаа, сошиал ертөнц дэх эх адаггүй хуурамч мэдээллүүд санаатай санамсаргүйгээр хиймэл оюун ухаанд нэвтэрвэл хүн төрөлхтөнд урьд өмнө үзэгдээгүй гай тарьж мэднэ гэсэн болгоомжлол үүсээд байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН