Бидэнтэй нэгд

Нийгэм

Монгол дүүпүү үйлдвэрлэгч “ДАВААТӨГӨЛДӨРБИЛЭГ”

Нийтэлсэн

Дүүпүү гэхээр л Хятад, Солонгос улсаас л импортолж оруулж ирдэг гэж ихэнх хүн ойлгодог байх. Тэгвэл Монголд дүүпүү үйлдвэрлэж байна гэдэг мэдээллийг сонсоод маш их сонирхолтой санагдсан юм.  Бүр ЖДҮГ-аас зээл аваад, үйлдвэрлэлээ өргөжүүлээд ажиллаж байгаа тус үйлдвэртэй танилцаж, сурвалжилсан сурвалжлагаа хүргэж байна.

Шар буурцагны тариалан 

Бэлхийн зуслангийн бүсэд байрлах “ДАВААТӨГӨЛДӨРБИЛЭГ” компанийг зорьсоор очиход захирал Б.Амарбаясгалан биднийг өөрийн биеэр тосож авч, үйлдвэрлээ танилцуулсан юм. Одоогоор хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Түүний нэг нь дүүпүү, нөгөө нь шар буурцагны соёолж. Шар буурцагны соёолжийг гаргаж авахын тулд тариалан эрхэлдэг юм билээ.  Тус компанийн үйлдвэрийн байр одоохондоо жижгэвтэр, 110 ам.метр талбайтай.  Үйлдвэрийн байр руу ороод, үүдэнд нь гадуур хувцсаа тайлж, улавч өмсөөд дотогшоо оров.  Дотроо 4-5 өрөөтэй, жижгэвтэр байранд бүхий л үйлдвэрлэлээ явуулж байна. Хоёр ажилтан шар буурцаг ялгаж суусан. Тариаланд ашиглах буурцгийг сайтар ялгадаг юм билээ. Хамгийн том өрөөнд шар буурцгийн тариалангаа эрхэлдэг. Та тариалан эрхэлдэг мөртлөө өрөөнд байгаа гэхээр гайхаж байж магадгүй. Очиж нүдээр харж, учрыг нь тайлбарлуулахаасаа өмнө ч тариалан гэхээр хөрстэй, хүлэмжинд юм уу, түүнтэй дүйцэх орчинд ургуулдаг гэж төсөөлж байсан юм. Гэвч төсөөлснөөс энгийнээр шар буурцаг тариалдаг юм билээ.

Эхлээд шар буурцгаа угааж, цэвэрлээд, ургахыг нь ялгаж авна. Түүний дараа ялгаж цэвэрлэсэн шар буурцгаа хувинд хийж, усаар усална. Тийм ээ, зөв уншлаа, хувинд хийж ургуулна. Өөр зүйл нэмэхгүй, зөвхөн усаар л усална. Ингээд л шар буурцагны соёолж бэлэн болно. Монголд огт тариалдаггүй, Хятадаас оруулж ирдэг байж. Тэгвэл тус компанийн хамт олон Монголд анх удаагаа тариалж байна гэж хэлэхэд болох юм. Шар буурцагны соёолжийг 18-20 хэмийн дулаан нөхцөлд, нар үзэхгүй газар тариалдаг. Шар буурцгаа усаар услах тусам томорч, сүүлтэй болж ургадаг. Шар буурцаг тариалдаг хувин нь дороо цоорхой. Өдөрт дөрвөн удаа усалдаг. Услахаар нь ус нь доошоо асгараад, аяндаа шавхарч дуусдаг юм билээ.  Солонгосчууд шар буурцагны  соёолжийг гоо сайханд хэрэглэдэг гэнэ. Монголд Хятад, Солонгос, Япон хоолны ресторан маш их болсон. Тэдэнд соёолжоо нийлүүлдэг юм байна.

Шар буурцаг 10-1 хоногт гүйцэд ургадаг. 18 кг-ын багтаамжтай хувинд 3.5 кг шар буурцаг хийж ургуулдаг. Ургасны дараа 18 кг болтлоо өсдөг гэсэн үг.  Услахдаа мэдээж бүлээвтэр ус хэрэглэнэ. Гүний худгаас усаа татаж, том саванд хадгална. Түүнээсээ татаж, шар буурцгаа усалж, ургуулдаг. “ДАВААТӨГӨЛДӨРБИЛЭГ” компани одоогоор шар буурцагны соёолж ургуулдаг 70 ширхэг хувантай. Нэг хувингаас 15 кг соёолж авдаг. Өдөртөө “И Март” болон, ресторануудад 150 кг соёолж нийлүүлдэг юм байна.  Соёолжийг салатны хачирт хэрэглэж болно. Мөн соёолжны шөл ч хийж болдог. Дангаар нь идэхэд маш гоё чихэрлэг амттай, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ийн ургуулж байна.

Монголд дүүпүү үйлдвэрлэж байна

Дүүпүүг яаж хийдэг талаар мэддэг хүмүүст сонирхолтой санагдахгүй байх. Харин мэдэхгүй хүмүүст сонирхолтой. Дүүпүү хийх шар буурцаг нь соёолж тариалах буурцагнаас бага зэрэг өөр юм билээ. Шар буурцгаа усанд дэвтээгээд, бэлцгэр том болгодог. Түүнийхээ дараа тээрэмдэх машинд хийгээд тээрэмдэхээр нэг талаас нь сүү гарна. Шар буурцагны сүү шүү дээ. Нөгөө талаас нь хаягдал нь гарна. Гаргаж авсан сүүгээ хөөрүүлнэ. Хөөрүүлсэн сүүгээ ээдүүлж, ээдэм болгоно. Түүний дараа шахагчиндаа хийгээд шахна. Яг л бяслаг шахаж байгаатай адилхан гэсэн үг.  Модон хэвэнд шахдаг. “Дэлгүүрүүдэд зарж буй дүүпүү хатуу байдаг. Тэгвэл манай дүүпүү маш зөөлхөн, жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн, ямар ч хольцгүй” хэмээн Б.Амарбаясгалан захирал ярьж байлаа.  Хоёр сав сүү ээдүүлж, шахахад 56 ширхэг дүүпүү гардаг аж. Нэг нь 400-450 грамм жинтэй. Өдөртөө дунджаар 250 гаруй дүүпүү гаргадаг юм байна. Өмнөх өдрөө захиалгаа аваад, түгээдэг ажээ.  “И Март” супермаркетад савлаагүй дүүпүү зарж байвал “ДАВААТӨГӨЛДӨРБИЛЭГ” компанийн бүтээгдэхүүн гэж ойлгоход болох юм байна.

Хаягдал гэж дээр дурьдсан илүүдэл хэсгийг хаядаггүй. Малын тэжээл болгодог юм байна. Яг л хивэгтэй ижилхэн тэжээл маягтай зүйл гардаг юм билээ. Тэр чигээрээ уураг. Тэжээлийг малчид захиалаад авчихдаг гэсэн. Тэр чигээрээ уураг учраас зутарсан малыг нь амархан тэнхрүүлдэг. Тэр ч битгий хэл хурдан моринд хүртэл өгдөг, хүч тэнхээг нь сайжруулдаг гэдгийг ч Б.Амарбаясгалан захирал хэлсэн юм.

Өөр сонирхолтой зүйл нь, тус компанийнхан шингэн дүүпүүг үйлдвэрлэж байна. Зүйрлэж хэлбэл, элгэн тараг мэт л харагддаг юм билээ. Халбагаар хутгаад авахад хүртэл элгэн тараг л харагдана. Монголчууд хэрэглэж мэддэггүй учраас Солонгос, Япон хүмүүс худалдаж авдаг гэнэ. Түүнээс гадна, шар буурцагны сүүг дангаар нь шууд ууж болдог бөгөөд гэдэс, дотрыг маш сайн цэвэрлэдэг байна. Солонгос, Хятад, Японд шар буурцагны шингэн сүүг маш ихээр хэрэглэдэг гэнэ. Биеийн хорыг тайлдаг аж.

Гуравдугаар сараас эхлээд шинэ төрлийн дүүпүү хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа гэнэ. Түүнийгээ силкэн дүүпүү гэж нэрийдэж буй аж. Цэлцэгнүүр маягтай гэсэн үг. Шар бууцагны сүүгээ хөөрүүлээд гаргалаа, желатинтайгаа холиод, нэг хонуулаад л бэлэн болох аж. Азийн орнуудад цэлцэгнүүртэй дүүпүүг маш ихээр хэрэглэж байгаа гэнэ. Харин манайд 10-аад жилийн дараа нэвтэрч буй нь энэ аж.  Дүүпүү бол тэр чигээрээ уураг учраас хүний биед маш хэрэгтэй.

Б.Амарбаясгалан: Хүнсний бүхий л төрлийн ногоог дотооддоо тариалж, хэрэгцээгээ 100 хувь хангадаг болох хэрэгтэй 

Үйлдвэртэй танилцсаны дараа “ДАВААТӨГӨЛДӨРБИЛЭГ” ХХК-ийн захирал Б.Амарбаясгалантай ярилцлаа.  Тус компани ЖДҮГ-ын зээлэнд хамрагдаж, үйлдвэрлэлээ өргөжүүлсэн юм. Компанийнхаа нэрийг гурван хүүхдийнхээ нэрийг нийлүүлж өгсөн юм.

-Компаниа хэдэн онд байгуулж байсан бэ. Анх байгуулахдаа хэчнээн ажилтантай, ямар хүчин чадалтай компанийг босгож байв?

-Компаниа 2014 онд байгуулсан. Анх 4 ажилтантай ажлаа эхлүүлж байлаа. Монголд дүүпүү хийж байсан Хятад хүнээс санаа авч, үйлдвэрлэлээ эхэлсэн. Яагаад дандаа Хятадаас хүнсний бүтээгдэхүүний зөөх ёстой гэж. Өөрсдөө цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэж бодоод л үйлдвэрээ нээж байлаа. Бид цэвэр мах идэж байна. Сүү, цагаан идээ гэхэд л жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн байдаг. Тэгвэл яагаад ургамлаар цэвэр цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монголчууддаа идүүлэх юмсан гэж бодож л ажлаа эхлүүлсэн. Эхэндээ үйлдвэрлэл эрхлэх байр олоход маш хэцүү байсан. Түрээсийн байртай байлаа. Сарын 1.8 саяын түрээстэй байр олсон. Би чинь III эмнэлэгт ариутгагч хийж байсан, эмнэлгийн байгууллагад ажиллаж явлаа. Тиймээс ариун цэврийг нэгдүгээрт тавьдаг. Тэгж байж үйлдвэрлэл явуулах ёстой гэж бодож, шаардлага хангасан байр түрээсэлсэн. Эхэндээ эрсдэл их хүлээсэн. Учир нь авах газар олдохгүй. Өдөрт 40 ширхэг дүүпүү, 25 кг шар буурцагны соёолж зарчихаад баярладаг байлаа. Одоо бол олон сайхан байгууллагатай гэрээтэй ажилладаг. Анх байгуулагдсан цагаасаа хойш 7 жил харилцаж ажиллаж байгаа байгууллагууд ч бий.  Одоо 7-8 хүнийг ажлын байраар хангадаг.

-Та ЖДҮГ-аас хэчнээн төгрөгийн зээл авсан бэ. Зээлэнд хамрагдахаас өмнө ямар байсан. Одоо ямар өөрчлөлт гарсан бэ?

-2018 онд би ЖДҮ-ийн зээлд хамрагдахаар төсөл өгч байсан. Гэвч төсөл маань жаахан дутуу байсан учраас шалгарч чадаагүй. Улмаар 2019 онд төслөө өгөөд, Улаанбаатар хотдоо тавдугаарт орсон учраас шалгарсан. Би ЖДҮ-ийн зээлийг хариуцаж ажиллаж байгаа хүмүүст үнэхээр баярлаж явдаг. Яг л нүдээ олсон зээлийг надад өгсөн. Түүний хүчээр 110 ам.метр талбайтай л даа. Гэхдээ 70 сая төгрөгийн зээл авч чадсанаар үйлдвэрийнхээ цэвэр, бохирыг бүрэн шийдэж, дотор талыг тохижуулсан. Мөн тээрэм, дүүпүүний тогоо шинээр авсан. Зээлэнд хамрагдахаас өмнө түүхий эд буюу шар буурцгаа Хятадаас 2, 3 шуудайгаар нь захиж авдаг байсан. Одоо 20, 30 шуудайгаар нь татаад авдаг болчихлоо. Ялангуяа цар тахлын үед жижиг, дундын зээл ямар их хэрэгтэй вэ гэдгийг биеэрээ мэдрээд л сууж байна.

-Зарим нэг асуудлаас болоод ЖДҮ-ийг дэмжих зээл хэрэгтэй хүндээ очихгүй байна гэдэг шүүмжлэл их гарах болсон. Та үр ашгийг нь хүртэж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?

-Би тийм шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна. Яг хэрэгтэй хүндээ очиж чадаж байгаа гэдэгт би итгэдэг. Түүнээс гадна, хүнсний салбарыг дэмжсэн бодлогыг илүүтэй хэрэгжүүлээсэй гэж боддог. Хүнсний бүхий л төрлийн ногоог тариалах хэрэгтэй байна. Гаднаас ямар ч ногоо авдаггүй болох хэрэгтэй. Азийн ихэнх орон дулаахан, чийглэг. Шар буурцгийг гэхэд л гадаа, том машинаар 4 хоногийн дотор ургуулж байх жишээтэй. Гэтэл манайд болохоор дотор орчинд, услаад, 10 хоног бөөцийлж байж ургуулдаг. Энэ мэтээр тариалалт хийхэд хүндрэлтэй байдаг юм. Тиймээс л дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд эхлээд тариаланчдыг, хүнсний салбарынхныг маш сайн дэмжиж өгмөөр байна.

-Шар буурцаг, дүүпүү хүний биед ямар эерэг нөлөө үзүүлэх вэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүний ашиг шимийг их харж сонгодог болж?

-Шар буурцаг, түүгээр үйлдвэрлэж байгаа дүүпүү, тариалж байгаа соёолж бол тэр чигээрээ уураг. Азийн ихэнх оронд махны нэг төрөл ч гэж үзэх нь бий. Цагаан хоолтнууд махны оронд хэрэглэдэг. Тэр чигээрээ л цэвэр уураг юм. Шар буурцагнаас гарч байгаа сүү хүний дотоод эрхтэнүүдийг цэвэрлэдэг. Мөн шар сүүг нь хүртэл хэрэглэдэг юм билээ. Одоохондоо манайх бол шар сүүг нь хэрэглэхгүй л байгаа. Мөн шар буурцагны хаягдал буюу тэжээлд ашиглаад байгааг чинь үе мөчний эмчилгээнд хэрэглэдэг юм билээ, Азийн бусад орнуудад. Манай зарим эмнэлэгт бас хэрэглэдэг. Манайд бол малын тэжээл байдлаар хэрэглэж байна. Гахайнд тэжээлээр өгнө. Тахианд ч өгдөг. “Түмэн шувуут”-ынхан шар буурцгийг тахиандаа өгдөг гэж би сонссон.

-Үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдсан асуудал гардаг л байх. Одоо танд чухам юу тулгамдаж байна?

-Ажиллах хүч л хамгийн тулгамдсан асуудал. Өнөөдөр Монголд хөдөлмөрлөж чаддаг хүн багасаад байгаа юм шиг санагддаг. Манайх чинь Улаанбаатар хотоос нэлээд хол. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны удирдлагуудтай уулзаж, ажиллах хүн байна уу гэж хайж үзсэн. Гэтэл оффист суугаад л байж байх сонирхолтой хүн их байх юм. Яг зүтгээд ажиллах хүн цөөн байна. Цаашдаа үйлдвэрээ томсгох хэрэгтэй байгаа. Хоёр ээлжтэй болчихвол үйлдвэрлэл илүү нэмэгдэж, борлуулалт ч нэмэгдэнэ шүү дээ.

-Танайхтай адилхан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр байна уу, Монголд. Та судалж үзсэн үү?

-Нэг үйлдвэр байгаа юм билээ. Тэр нь гадаадын хөрөнгө оруулалттай, Хятадын компани. Тэр компани зах зээлд байгаа Хятад ресторануудыг дүүпүүгээр хангаж байна. Тэгэхээр л манайхан нэгийг бодох цаг болсон байна.

-Шар буурцаг тариалж, дүүпүү үйлдвэрлэхээр сонирхож байгаа хүмүүс байж магадгүй. Бид хоёрын ярилцлагыг ч олж унших байх. Тэр хүмүүст зөвлөгөө өгөөч та?

-Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл бол байна. Хамгийн гол нь шантарч болохгүй. Эхний 3 жил жаахан хэцүү байдаг. Шантрахгүй зүтгэвэл амжилтад хүрч болно.

-Та анх хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжөө авч, үйлдвэрээ босгож байсан бэ?

-2014 онд би 20 орчим сая төгрөгөөр үйлдвэрээ босгож байсан.  Зориглоод ажиллах хүнд тийм ч их хөрөнгө оруулалт биш. Би ЖДҮГ-аас 70 сая төгрөгийн зээл авахад л өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болоод 10-аад хүнийг ажлын байраар хангаад ажиллаж байна. Хэрвээ Үүнээс хоёр дахин илүү хөрөнгө оруулалт татах боломж байсан бол илүү том үйлдвэрийн байр бариад, шар буурцаг тариалдаг машин оруулж ирээд, хоёр ээлжийн ажилтантай болоод, 12-14 хүнийг ажлын байраар хангах боломжтой болох байсан. Цаашид хүчин чадлаа энэ хэмжээнд хүргэж нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна даа.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ5 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн