Дэлхий

Tesla компани биткоинд хөрөнгө оруулахаар болсны дараа ханш нь түүхэнд байгаагүйгээр өслөө

Нийтэлсэн

Илон Маскийн үүсгэн байгуулсан Tesla компани биткоинд 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болсны дараа биткоины ханш түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ хүрч, 44 мянган доллар давсан байна.

Tesla  компани мэдэгдэлдээ орлогоо нэмэгдүүлэхийн тулд 2021 онд хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулж илүү уян хатан болгохоор шийдсэн тухайгаа бичжээ.

“Бид энэ бодлогынхоо хүрээнд биткоинд 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулж байна. Түүнээс гадна нөхцөл байдлаас хамаарч ойрын ирээдүйд тодорхой хууль тогтоомжийн хүрээнд манай бүтээгдэхүүнийг худалдан авахдаа биткоиноор тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэжээ.

Арванхоёрдугаар сарын сүүлээр хоёр долоо хоногийн дотор биткоины ханш 9 мянган доллараар өсөж, анх удаа 29 мянган долларт хүрсэн.

Нэгдүгээр сарын 29-ний өдөр Илон Маск уг криптовалютыг сонирхож буйгаа илэрхийлсэн жиргээ бичсэний дараа биткоины ханш хагас цагийн дотор 5 мянган доллараар нэмэгджээ. Маск  биткойнтой хаштаг тавиад “Эргээд харахад зайлшгүй зүйл байсан гэдгийг одоо бид ойлгож байна” хэмээн бичсэн байна.

Хятад, Өмнөд Солонгос зэрэг хэд хэдэн улс криптовалютыг дэмжиж эсвэл хориглож байгаагаа мэдэгджээ. Фэйсбүүк компани биткоины сурталчилгааг хаахаар шийдсэн бол Египетийн муфти /мусульманчуудын тэргүүн/ мусульманчуудыг биткоиноос холхон байх үүрэг өгсөн байна.

2020 онд коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нөмөрсөн ч олон хөрөнгө оруулагч биткоиныг сонирхож эхэлжээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version