Энтертайнмент

Телевиз, радио, студи, продакшнууд монгол бүтээлээр өрсөлдөнө

Нийтэлсэн

ЗГХЭГ-аас холбогдох төрийн байгууллагуудтай хамтран үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, хүүхэд залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн шилдэг бүтээлийг шалгаруулах уралдаан зарлаж байна.

Mонгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү уралдааныг “Үндэсний бүтээл бүхий долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй радио”, “Үндэсний бүтээл бүхий долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз”, “Үндэсний шилдэг бүтээл” (радио,телевизээр нэвтрүүлсэн бүтээл тус бүрээр) гэсэн гурван төрлөөр зарласан бөгөөд арилжааны телевиз, радио болон студи, продакшн, уран бүтээлийн нэгдэл оролцох боломжтой юм.

Шилдэг долоо хоногийн хөтөлбөртэй телевизийг 100 сая төгрөгөөр, шилдэг бүтээл буюу нэвтрүүлгийг 50 сая төгрөгөөр, шилдэг хүүхдэд зориулсан бүтээлийг 50 сая төгрөгөөр тус тус шагнах гэнэ. Харин радиогийн төрөлд тус бүр 20 сая ба 10 сая төгрөгөөр шагнах гэнэ.

Тоон контентын хөгжлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд зохиогдох уг уралдаанд ирүүлэх бүтээлд монгол ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн, нийгэм түүх, соёл урлаг, шинжлэх ухаан танин мэдэхүйн үнэ цэнэ, ач холбогдолтой байх гэсэн үндсэн шаардлагууд тавигдаж байна.

Монголын үндэсний уламжлалт “Цагаан сарын баяр” тохиох үе буюу 2020 оны хоёрдугаар сарын 22-ноос 29-ний өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөр болон бүтээлийг хамруулах бөгөөд бүртгэлийг энэ сарын 20-ны өдөр хүртэл ХХМТГ дээр хүлээж авах юм.

Цаашид энэхүү уралдааныг Монгол үндэсний уламжлалт баяр болох “Цагаан сар” болон “Үндэсний их баяр наадам”-ыг тохиолдуулан уламжлан зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Exit mobile version