Улс төр
Г.Занданшатар: Хямралыг бид хүчээ нэгтгэж байж давж гарна
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр “Дэлхий даяар нүүрлэсэн цар тахал Монгол Улсад ч тэр эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ хямралыг бид хүчээ нэгтгэж байж давж гарна. Өнгөрсөн онд хүүхдийн мөнгөнд нэг их наяд 60 тэрбум, нийт 5.7 их наяд төгрөгийн зардал гаргаж, байгаа бүх боломжоороо иргэдийнхээ амжиргааг хамгаалах арга хэмжээ авч ирсэн. Өнөөдрийн байдлаар 4,5 их наядын алдагдалтай, бизнес эрхлэгчдийн 27 хувь нь орлогогүй болсон, 60 мянган ажлын байр байхгүй болсон. Ийм учраас эрсдлийг даван гарах төлөвлөгөө боловсруулж, өнөөдөр танилцуулж байна. Энэ төлөвлөгөөгөөр, халамжаас бүтээмж рүү шилжиж, оновчтой болгоё, амьдралын шинэ хэв маягтай болох, энэ бүх боломж бололцоог хангахын тулд хууль эрхзүйн зохицуулалт хийхээр зорьж байна. Шинэ залуу үеэ шуугиан сенсациар биш аливаа асуудалд академич, шинжлэх ухаанч хандаж, эрүүл-монгол, эртэч-монгол байя гэж уриалж байгаа.
Арилжааны банкуудад хөгжлийн шинэ менежмент нэвтрүүлж, нэг банкыг олон эзэнтэй байх, төсвийн реформ хэрэгжүүлнэ. Нэг төгрөгийг ч үр дүнгүй зарцуулахгүй байхад чиглэнэ. Мөн УИХ, Засгийн газрын стратегийн томоохон төслүүлэд хамтарч ажиллаж байна. 10-их наяд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл туйлын чухал юм” гэлээ.