Улс төр

Харааны бэрхшээлтэй бүсгүй УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгч боллоо

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар Сүхбаатар аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан албан ёсны бие төлөөлөгчөөрөө харааны бэрхшээлтэй Т.Золзаяа хэмээх бүсгүйг томилжээ.

Т.Золзаяа нь төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, Ашгийн бус байгууллагыг чадавхжуулах сэдвээр мастер хамгаалсан бөгөөд 2006 оноос Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр, 2018 оноос Сүхбаатар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан туршлагатай бүсгүй аж.

Сүхбаатар аймагт өнөөдрийн байдлаар нийт 2700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний дундаас 400 гаруй хараагүй иргэн бүртгэлтэй байна. Т.Золзаяа хууль тогтоогчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хооронд гүүр болж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлүүлж чадна гэж итгэж байгаагаа жанжны нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байлаа.

Өнгөрсөн хугацаанд парламентын гишүүдээс хөгжлийн бэрхшээлтэй, тэр тусмаа харааны бэрхшээлтэй хүнийг бие төлөөлөгчөөрөө томилж ажиллуулсан гишүүн байгаагүй. Энэ удаагийн томилгоо нь нийгэмд зөв жишиг болж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.” гэж заасан байдаг. Хуулийн энэ заалт бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Иймд УИХ-ын бусад гишүүд болон яамд, агентлагууд энэхүү  санаачилгыг буухиалан хэрэгжүүлээсэй.

Exit mobile version