Зөвлөгөө

Д.Малчинхүү: Хүчилтөрөгч дутагдвал бодисын солилцоо бүхэлдээ хямардаг

Нийтэлсэн

Агаарын бохирдол, автомашин, үйлдвэрийн утаа зэргээс үүдэн нийслэлийн оршин суугчид бид цэвэр агаараар амьсгалж чадахгүйд хүрдэг. Харин энэ удаад COVID-19, хөл хорионы дэглэм зэргээс үүдэн хүчилтөрөгчийн дутагдалд орох магадлал өндөр байна. Тиймээс хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн зайлсхийх талаар Ардын эмч, анагаах ухааны  доктор, профессор  Д.Малчинхүү зөвлөж байна. 

-Улаанбаатар хотын агаарын бохирдол  4-5 сар хүртэл үргэлжилдэг. Гэтэл бид энэ жил хөл хорионы дэглэмд гэртээ голдуу байна.  Энэ нь бага насны хүүхдүүд,  нярай хүүхэдтэй айлд хүндхэн байх шиг.  Ер нь хүчилтөрөгчийн дутагдал ямар шинж тэмдгээр илрэх вэ?
-Аливаа амьд бие хийн солилцоо явуулахгүйгээр амьд байх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хийн солилцоо явуулна гэдэг нь агаараас хүчилтөрөгчийг аваад, өөрийн биеэс нүүрсхүчлийн хийг ялгаруулахыг хэлж буй юм. Энэ үйл ажиллагаа ялангуяа бага насны хүүхэд, нярай хүүхдэд хамгийн чухал байдаг. Яагаад гэвэл, нярай хүүхдийн эрхтэн тогтолцоо  бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Хэрэв хүчилтөрөгч дутагдвал бодисын солилцоо бүхэлдээ хямардаг. Үүнээс болж хүүхдийн эрүүл мэндийн байдал эрс доройтоход хүрдэг. Тиймээс томчууд, хүүхдүүд гэлтгүй хүчилтөрөгч чухал.
-Хүчилтөрөгчийн дутагдал, тархины даралт хоёр ямар холбоотой вэ? 
-Хүчилтөрөгчийн дутагдалд орно гэдэг нь нярай хүүхэд төрөх үедээ юм уу эсвэл эхийн хэвлийд бүрэлдэх явцдаа хүчилтөрөгчийн дутагдалд орсноос үүдэн бүтэлт үүсдэг. Энэ нь төрөх үйл ажиллагаатай хамаатай боловч эхийн хэвлийд үүсч бүрэлдэх явцдаа хүчилтөрөгчөөр хангаж байдаг эхэсийн цусны хангамж ямар нэгэн байдлаар өөрчлөгдснөөс болоод эхээс төрөхдөө хүчилтөрөгчийн дутагдалтай төрж болно. Үүнийг бид тархины хүчилтөрөгчийн, цусан хангамжийн дутагдал  гэж яриад байгаа юм. Иргэд үүнийг тархины даралт гэж ойлгодог.
-Тэгвэл тархины даралттай хүүхдийг агаарт сайн гаргаж байх хэрэгтэй гэдэг нь  цаанаа хүчилтөрөгчийн дутагдлыг хэлж байна уу?  
-Хүчилтөрөгчөөр хангах үйл ажиллагаа өчүүхэн ч тасарч болохгүй эрхтэн бол тархи. Хүчилтөрөгчгүй бол тархи хамгийн түрүүнд үхдэг. Тиймээс хүчилтөрөгчийн хэрэгцээг хангахын тулд хүүхдийг нярай үеэс эхлээд агаар салхинд гаргах, агаарын солилцоог маш сайн хийх хэрэгтэй. Ээлтэй сайхан орчинд байлгах хэрэгтэй. Ээлтэй орчин гэдэг нь элдэв химийн бодис тархаагүй, тоос тоосонцор, нян бактер үржээгүй, агаар нь хүчилтөрөгчөөр баялаг,  цэвэр орчныг хэлж байгаа юм. Манай нийслэл хотод агаар ямар байгааг бид мэдэж байгаа. Энэ агаараар амьсгалж байгаа хэчнээн хүүхэд байгаа билээ. Тиймээс айл өрх бүрт, хүн бүрт хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлага ямар их байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хүчилтөрөгч хүний бие махбодид нөөцлөгддөггүй, үүгээрээ онцлог. Хоол тэжээлийн бодис, нүүрс ус, өөх тос, уураг, витамин амин дэмээс хүний биед ямар нэг хэмжээтэй агуулагдаж байдаг бол  хүчилтөрөгчийн нөөц хүнд гурван минут болоод л дуусдаг. Тийм учраас хүний хүчилтөрөгчийн нөөц амьсгалах бүрт хангалттай байх хэрэгтэй.

-Тархины даралт буюу тархины цусан хангамжийн дутагдал, хүчилтөрөгчийн дутагдлыг эм эмчилгээний аргаар гэрийн нөхцөлд яаж эмчлэх вэ?  
-Тархины даралтыг бид тархины цус хомсдолын эмгэг гэж нэрлэдэг. Үүний нарийн учир шалтгаан нь умай дахь амьдралын сүүлчийн хагаст юм уу, яг төрөх үед хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархинд өөрчлөлт орсон гэсэн үг. Тархины өөрчлөлт хэр зэрэг хүнд байна, тэр хэрээр эмгэг өөрчлөлт бас хүнд байдаг. Ийм хүүхэд унадаг, татдаг байж болно аль эсвэл жаахан халуурахаараа унадаг, үргэлж гиншиж уйлдаг, нойрондоо муу, нойрондоо солигдсон байх ч юм уу иймэрхүү байдлаар ажиглагддаг. Хүүхдэд ийм шинж тэмдэг илэрвэл тархи нь хүчилтөрөгч нэхээд байна гэсэн үг. Ийм хүүхдүүдийг эцэг эхчүүд агаарт сайн гаргаж байх хэрэгтэй. Хүчилтөрөгчийн хангамж бүх л амьд биетэд адилхан байх хэрэгтэй. Харин хүчилтөрөгч хангалтгүй байхад хамгийн эмзэг хүлээж авах бие махбод бол хүүхэд, нярай үе. Энэ нь хүүхдийн эд эс тархинд илт мэдэгддэг гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ цэвэр агаарт сайн гаргах, гадаа агаарт гарах боломжгүй бол шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийг тусгай зөвлөмжийн дагуу хүүхдүүд гэлтгүй бүх насныхан хэрэглэж болох юм. Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл нь ходоодны салстаар шимэгдэж, хялгасан судсаар дамжиж цаашлаад хүчилтөрөгчийн молекулууд нь цусны эргэлтэд орж эд эсүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Ялангуяа, хүчилтөрөгч нь хүүхдэд нэн чухал хэрэгцээт зүйл учраас  биеийн дархлааг дэмжиж, өвчин эсэргүүцэх чадвар дээшилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.10 ЛХАГВА № 29 (6506)

Exit mobile version