Нийгэм
Вакцин хадгалах гурван төрлийн хөргүүр, зөөврийн сав, тээвэрлэх машин зэрэг нь ХӨСҮТ-д бэлэн бий
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 12 хоногийн хугацаанд хатуу хөл хориог тогтоосон.
Энэ хугацаанд “Нэг хаалга-нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, ковидын голомтыг хумих, дам хавьталыг илрүүлэх тандалт судалгаа үргэлжилж буй. Хөл хорионы цуцалсны дараагаар вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар Засгийн газар, Улсын онцгой комисс ажиллаж байна.
Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хамт өчигдөр ХӨСҮТ-д ажиллав.
Эхний ээлжинд орж ирэх вакцины хадгалалт, тээвэрлэлт, нөөцлөлтийг хэрхэн зохион байгуулах талаар эмнэлгийн удирдлагууд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Вакцин хадгалах нөөцлөх гурван төрлийн хөргүүр, зөөврийн сав, хүйтэн хайрцаг, стандартын шаардлага хангасан тээвэрлэх машин ХӨСҮТ-д бэлэн байна. Вакцинжуулалттай холбогдуулан аймаг, сум, дүүргийн өрхийн Эрүүл мэндийн төвийн 300 гаруй албан хаагчийг сургалтад хамруулж бэлтгэжээ.
Дархлаажуулалтыг эхлэхээс өмнөх зохион байгуулалт, эрүүл мэндийн ажилтнуудыг бүрэн сургах, илүү цагаар ажилласан цалинг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын дараа гарч болох хариу урвалыг хянах, учирч болох эрсдэлийг тооцсон бүх бэлтгэлийг өндөр түвшинд хангасан байх шаардлагатайг Шадар сайд анхааруулсан юм. Мөн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, вакцины хадгалалт, нөөцлөлт, тээвэрлэлтэд анхаарч ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв.
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл